Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд төсөл боловсруулсан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монголчууд дөрвөн жил ямархуу байдалтай амьдрах вэ гэдэг бодлогын баримт бичиг орж ирэх ёстой. Гурван нам нийлж засаг барьж эхэлж байгаа. Л.Гантөмөр дарга миний хажууд сууж байна. Энэ мөрийн хөтөлбөр дотор алдагдсан найман жилийн алдааг засах асуудал нэлээд сайн тусгагдсан байх. Сонгогчдод нэг зүйл амлачхаад танхимд орж ирээд өөр юм ярьдаг байж болохгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг зүйл дээр Н.Алтанхуяг даргатай санал нийлэхгүй байна.Таны үед хамтарч болоод бидний үед хамтарч болохгүй гэдэг өнцгөөс яриад байгаад санал нийлэхгүй байна. Зарчим хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. С.Баяр дарга та хоёр хамтарч Засгийн газар байгуулж байсан. Сү.Батболд даргатай хамтарч байгуулж байсан. Та нар тухайн үед ингэхээс өөр арга байхгүй байна. Хамтарч асуудлаа шийдэх нь зүйтэй гэдэг зүйлийг ярьдаг байсан. Одоо галав юүлж, газар тэнгэр өөрчлөгдчихөөд байгаа зүйл биш. Цаашдаа ч хамтарсан Засгийн газар байна.
Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ олон зовлон жаргалыг мэддэг, геополитикийн асуудлыг мэдэж байгаагийн хувьд миний үед хамтарч болно, Л.Гантөмөрийн үед болохгүй гэж байгаа хандлагаа өөрчлөөч ээ.