Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ.
Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо байгаа авто замаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс хотын түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга замууд ч бий. Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэж болно. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг жишээ амьдрал дээр байдаг.
Харин одоо хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурах боломжтой. Мөн ажил гэр эсвэл гэр сургууль нь ойрхон байдаг алхах боломжтой хүмүүс алхдаг соёл руу шилжих, унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглахыг уриалж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Авто машинаа дундаа ашиглах, алхах, унадаг дугуй, нийтийн тээвэр хэрэглэхийг уриалж буй нь сүүлийн үед дэлхийн түгжрэл ихтэй томоохон хотуудад трэнд болж буй “Эко мобилити” гэх үзэл санаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот иргэнд ээлтэй, “Эко мобилити”-д нэгдэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил эхлүүлээд байна.
Тухайлбал,
- Өнөөдрөөс нийтийн тээврийн автобусны тоог 109-өөр нэмж, өдөрт 1187 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Ирэх сард их багтаамжийн 31 автобус шинээр авчирна. Мөн зах, худалдааны төв рүү чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмлээ.
- Явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, ердийн хөсөгтэй болон явганаар зам хөндлөн гарч байгаа хүмүүст ээлтэй орчин бүрдүүллээ.
- Улаанбаатар хотын нийт авто замын 80 хувь засаж, шинэчлэх ажлаа үргэлжлүүлж байна.
- Зарим байршилд эргэлт гарц шинээр хийж, туслах замуудын тоог олшруулах гээд цөөнгүй ажил зохион байгуулж байна” гэлээ.
Мөн дэд бүтцийн хүртээмжийг нэмж, орчин нөхцөлийг сайжруулахын хажуугаар захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авч таарна. Тухайлбал,
- Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
- Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
- Мөн төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
- Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
- Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.
Үүний дээр төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийг түгжрэлийг бууруулах аянд нэгдэж, санал болгож байгаа зүйл бол ажилчдын автобусыг биднээс авч төлбөртэйгөөр хэрэглээч гэж байгаа юм. Автобусны парк шинэчлэл дуусаж байгаатай холбоотойгоор өмнө хэрэглэж байсан шинэвтэр автобуснуудыг ажилчдын автобус хэлбэрээр явуулж замын хөдөлгөөнд нэгэн зэрэг олон машин оролцохоос сэргийлэх боломж бас үүслээ. Энэ тал дээр хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцоно гэдэгт найдаж байна.
Зөвхөн олон нийтийн хичээл зүтгэлээр түгжрэлийн асуудалтай тэмцэх гэж байна гэж битгий ойлгоорой. Энэ бол түр зуурын арга хэмжээ ч цаашид хэрэгжүүлж хэвшвэл хотын соёл билээ. Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” гэв.