“И-Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран донор болох хүсэлтээ илгээх үйлчилгээг цахимжуулж “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой боллоо.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба нь амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд олон нийтэд эс, эд, эрхтний донорын талаар таниулан ойлгуулах, нөлөөллийн үйл ажиллагааг өрнүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалт, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжих, эрхтэн , эд , эс шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн дүгнэх, хяналт тавих, энэхүү үйл ажиллагаануудтай холбогдох нэгдсэн бүртгэл мэдээллийн санг хөгжүүлэн ажиллуулах , иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.
Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчинтэй түүний төгсгөлийн үе шатанд орсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нэлээдгүй байгаа бөгөөд өвчнөөс дурдвал:
– Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
– Элэгний хавдар,
– Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
– Зүрх судасны архаг өвчин, зүрхний дутагдал
– Нойр булчирхайн өвчтэй гэх мэт…
Эдгээр өвчний улмаас эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч гэр бүлийн гишүүдээс амьд донор болох хүнгүй бөгөөд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад бүртгэгдэн хүлээж буй 1500 гаруй хүн байгаа бөгөөд үүнээс ч олон хүн бүртгэгдэх магадлалтай байна.
Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс Донорын зөвшөөрлийн хүсэлт үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээгээрэй.