Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрээс Улаанбаатар Улан Удэ, Эрхүү хотын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг альпард маркийн автомашиныг шалган, жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна.
Альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан 8 хүнд дээрхи гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн 9-р сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын 9 ширхэг гар утсыг хилээр авч гарах үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг хураагдсан 9 ширхэг гар утаснаас одоогоор 3 утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдаж хохирсон иргэд байна.
ЭХ СУРВАЛЖ:Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв