Д.Мөнхбаатар:Багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байна

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцох, багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлэх болсон талаараа  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар “Боловсролын сайд П.Наранбаяр  багш нар 1,000 ам.долларын цалин авч байгаа мэт худлаа ярьсан.

Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилчдын цалин 900 мянга төгрөг байна. Бид жилийн өмнө багшийн цалинг 1000 долларт хүргэх шаардлага тавьж байсан. Өнөөдөр бас энэхүү шаардлагаа тавьж байна.

Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах олон ажлыг Засгийн газраас хийх ёстой. Салбарын багш, ажилчдын орон сууцны асуудал хүнд байгаа. Боловсролын ерөнхий хуульд багш, ажилчдын орон сууцжуулах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Энэ бодлогоо Засгийн газар  яаралтай гаргаач.

Багш нарын хомсдолд ороод байгаа үндсэн асуудал  цалин, орон сууц, нийгмийн баталгаа байна. Үндсэн асуудалдаа анхаарахгүй хамгийн муу хувилбаруудыг сонгоод, аль болох цалин нэмэхээс зайлсхийгээд байгааг Засгийн газрыг  буруутгаж байна. Удахгүй 2025 оны төсөв хэлэлцэж эхэлнэ.

Бид багш, ажилчдын цалинг 1000 долларт хүргэх хөтөлбөрөө гаргаад, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс багш ажилчдын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага өгч байгаа.

Орон нутгийн багш нарын цалин нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Боловсролын салбарын гол ачаалал нийслэлд байна гэж үзэж байгаа. Гэтэл нийслэлийн багш нарт ямар ч нэмэгдэл байхгүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ.

Манай шаардлагыг хүлээж авахгүй бол бид есдүгээр сарын 23-наас эхлээд жагсаал зохион байгуулна. Суулт хийж, өлсгөлөн зарлана. Аравдугаар сарын 5-наас ажил хаялт зарлана” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл …