Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүллээ

Нийслэлийн захиргаа Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэнтэй холбоотойгоор Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан.Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаанаар  Хангарди ордны барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар танилцууллаа.

Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа талаарх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ.

Хэдийгээр энэ нь нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж байгаа асуудал ч үнэлгээ нь хөндлөнгийн байгууллагын тогтоосноос хэт доогуур байгааг тэрбээр анхааруулж, “2 жилийн өмнө бараг 80 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан объектыг бид шилжүүлж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар гарч буй тогтоол шийдвэрийн томьёоллыг өргөн барихдаа иргэд, олон нийтэд сайн таниулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй. НЗДТГ хөрөнгө гаргаж хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр энэхүү объектыг балансаас балансад буюу нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх саналыг би Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл болон нэгдсэн хуралдаан дээр дахин дахин хэлээд байгаа юм” гэв.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагийн тайлбарласнаар холбогдох хууль, журмын хүрээнд нийслэлийн өмчийн Хангарди ордныг төрийн өмчид шилжүүлж байгаа. Мөн уг барилгыг иргэн, аж ахуйн нэгжид бус төрийн өмчид шилжүүлж байгаа тул балансад бүртгэлтэй дүнгээр тооцох ёстой гэв.

Санал болгох мэдээ

Маргаашаас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн …