Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-ны өдөр баривчилж, саатуулсан ч маргааш нь суллан мөрдөн шалгаж эхэлсэн байдаг.
Харин үүнтэй холбоотойгоор олон нийтийн цахим сүлжээнд “Л.Бямбасүрэнг хамаатны шүүгч нь суллажээ” гэх агуулгатай мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл уг мэдээлэлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Олон нийтийн цахим сүлжээнд “Болдоггүй өвгөн” гэсэн нэр бүхий цахим хаягаас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Л.Бямбасүрэнг хамаатны шүүгч нь суллажээ” гэх гарчигтай илт худал мэдээллийг фейсбүүк хуудсаар, тухайн шүүгчийн зурагтайгаар түгээж, шүүгчийн нэр хүндэд халдсан байна.
Уг мэдээлэлд “… хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Л.Бямбасүрэн, түүний хэрэгт хамт хоригдсон Б.Номинсувд нарыг цагдан хорионоос суллах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Хамаатандаа үйлчилсэн ерөнхий шүүгч Н.Одонтуул нь Л.Бямбасүрэнг цагдан хорьсон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улмаар сулласан нь түүнд илт давуу байдал бий болгож, хуулийг уландаа гишгэж байгаагийн илрэл болж байна …” гэжээ.
Яллагдагч Л.Бямбасүрэнг цагдан хорьсон шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул хянан шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдье!
Нэрээ нууцалж худал мэдээлэл тараасан хууль бус үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан болно.