“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо

Өнөөдөр (2024.11.22) ХЗДХЯ-нд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна.

Тус арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төр болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Үйл ажиллагааны үеэр Хүүхэд гэр, бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т. Ихтамир хэлэхдээ, “Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд  зохион байгуулдаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ, ШАЛТАГ БҮҮ ТООЧ” уриан дор тэмдэглэхээр нэгдэж байгааг талархан дэмжиж байна.

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах чиглэлээр 2024 онд эрх зүйн шинэчлэл хийж, хүүхэд хамгааллын бодлогыг гэр бүл төвтэй байх, хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч, бодлогын томоохон шинэчлэл хийсэн юм. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулж, энэ оны  09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Уг хуулийн дагуу:

  • 2025 оноос хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийт 927 нийгмийн ажилтан сум, хороо бүрд ажиллана.
  • Гэр бүл, нийгмийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэдтэй шууд харьцаж ажилладаг болон бусад хүнд хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцахдаа бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглосон зэрэг зохицуулалт нь энэ аяныг үр дүнтэй зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

 Манай салбараас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу 21 аймаг, 9 дүүргийн 765 Хамтарсан багийн 6000 гаруй гишүүдийг чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Мөн 2024 онд Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, Хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 5 аймаг, 1 дүүрэгт сургалт зохион байгуулсан.

 Түүнчлэн хохирогчийг хамгаалах улсын хэмжээний 36 “Түр хамгаалах байр”, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, чадавхжуулах арга хэмжээнд үе шаттай хамруулж ирлээ. Үүний үр дүнд хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх чиглэлээр мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх чадавхижсан багтай болж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …