“Баячууд”-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой.

Товчхондоо, байгалийн арвин баялагтай улсын иргэд энэ баялгаасаа хүртэхгүй байна гэж олон жил шүүмжилж, ярьж ирсэн асуудал эхний алхмаа хийсэн нь энэ байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, төрийн өмчит компаниудын ашгийг төвлөрүүлэн, иргэддээ хуваарилж байгаа дүр зураг энэ ажээ.

Засгийн газар энэ ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлнэ гэж зарлаж байгаа. Оны өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай олон нийтэд тайлбарлахдаа:

 “…Стратегийн ордын төрд ногдох 34 хувь бол бүхэлдээ хуримтлалын санд шилжсэн. Тиймээс Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэс Тавантолгойн 34 хувь иргэдийн дансанд төвлөрнө.

…Цаашлаад “Цагаан суварга” дээр хэлцэл явагдана. 34 хувь нь хуримтлалын сан руу орох ёстой. “Ачит ихт” дээр ч хэлцэл явагдана. Бас хуримтлалын сан руу орох ёстой…” гэж мэдэгдсэн юм. Эндээс олон зүйл харагдаж байгаа юм.

Нийгэмд өрнөж буй үйл явцаас эхэлж харахад, шинэ он гараад л дуулиан дэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолгыг ашигладаг “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагааныг Интерпол Сингапур улсад саатуулсан. Түүнийг Монголд шилжүүлэх шүүх хурал болохоор эдүгээ хүлээгдэж буй.

“Ачит ихт” ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн асуудал олон жил маргаантай явж ирсэн сэдэв. Эрдэнэт үйлдвэр “Ачит ихт”-ийг 34 хувиа өгдөггүй” гэдэг. Харин компани нь “Эрдэнэт үйлдвэрийнхэн авдаггүй юм аа” гэдэг. Ийм тайлбартайгаар өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн асуудал юм. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж, 2024 оны дөрөвдүгээр сард “Ачит ихт” ХХК-д нэгжлэг явуулан, үйл ажиллагааг нь түр зогсоож байв. Компанийн эзэн ЕТГ-ын дарга асан П.Цагааныг ч шалгаж байсан. Харин шалгалтын явцад тэрээр гадаадад гарснаар ийнхүү саатуулах үндэслэл болсон гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж буй. Саатуулах ажиллагаа явагдсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ч  батласан.

Харин энэ байдлыг Монголд мэдээлэх, олон нийтэд мэдэгдэх сонирхол нэг хэсэгт байхгүй байгааг өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдал харуулав. “…П.Цагааныг саатуулаагүй, Монголд ирчихсэн алхаж явна, эмчлүүлж байна” гэх зэргээр сошиалд сэвсэн. Харин нэг хэсэг нь “…П.Цагаан хаягдал шороог ашиглаж баялаг бүтээсэн. Монголд татвар хураамж төвлөрүүлсэн, олон зуун ажлын байр бий болгосон” гэж нүдэцгээж байна. П.Цагаан гуай энэ тухайгаа ярихаар хилийн чанадад хэвлэл дуудан учирласан яриа ч сошиалаар явлаа. Эндээс харахад, байдал эвгүйтсэнийг ҮАБЗ-ийн гишүүний зөвлөх байсан эрхэм аль эртээс гадарлаж, сумаа бэлдэж байжээ ч гэж уншигдахаар байгаа юм.

Ерөөс энэ бүхэн 34 хувьтай л холбоотой ажиллагаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Ачит ихт ХХК 34 хувиа өгөхөд хүрсэн. Эзэд нь харин өгөх хүсэлгүй байгаагаас үүдэлтэй тэмцэл сошиал орчинд ийнхүү өрнөж байна.

Дашрамд дурдахад, “Ачит ихт” ХХК-ийн ашиглаж буй балансын бус хүдэр баялаг уу, хаягдал уу. Захын нэгэн бизнесмэн Эрдэнэт үйлдвэрт очоод “Овоолгыг чинь ашиглая” гэвэл өгөх байсан уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Ямартаа ч 34 хувийн тэмцэл ширүүн эхэллээ. Тиймээс 2025 он стратегийн орд эзэмшдэг томчуудын дайнаар үргэлжлэх нь тодорхой болж байна. Тэгвэл үүний ард жинхэнэ акулууд бий…

Эдүгээ манайд 16 ордыг стратегийн ордоор нэрлэчихсэн байдаг юм. Үүний долоо нь төрийн мэдэлд бол үлдсэн ес нь хувийн хэвшлийн эзэмшилд бий. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлье гэвэл стратегийн ордыг эзэмшдэг компаниудтай тулж таарна. Стратегийн ордыг жирийн мөнгөгүй иргэн эзэмшдэггүй. Монголын толгой баячууд эзэн суучихаад буй.

Хувийн мэдэлд байгаа стратегийн ордууд Цагаан суварга, Ухаа худаг гээд үргэлжилнэ. Дээр дурдсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээртэй 34 хувийн хэлцэл явуулна гэж зарласан. Зөвхөн эхний жишээ, “Ачит ихт” дээр гэхэд ширүүн эхэлж байгаа “хэлцэл” дараагийн том ордууд дээр хэрхэн үргэлжлэх нь тун сонирхолтой юм. Засгийн газар Цагаан суваргын 34 хувийг авахын тулд МАК-ын эзэдтэй тулна гэсэн үг. “Ухаа худаг”-ийн 34 хувийг авахаар MCS-тай тулж таарна. Тавантолгойн баянбүрд гэгддэг Ухаа худагийг MCS шууд өгөх үү. Олон жил үүцэлсээр байгаа Цагаан суваргынхаа хаалгыг Н.Нямтайшир, Н.Номтойбаяр нар амархан нээх үү.

Хамгийн гол нь үүн дээр улс төр хэрхэн өрнөх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Стратегийн ордын эзэд эдүгээ парламентад суудалтай, өөрийн төлөөлөл олонтой. Тиймээс Цагаан сурварга, Ухаа худаг руу ороход улс төрд юу болох вэ. Засгийн газрыг Ерөнхийлөгч дэмжих үү, УИХ-ын дарга яах вэ, УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах вэ. Ялангуяа нэг биш дөрвөн нам нэгдсэн парламент яаж хэлэлцэх вэ, Л.Оюун-Эрдэнэ тэсч үлдэх үү гэдэг тун сонирхолтой дүр зургийг олон нийт харна.

Ийм л дүр зурагтай улс төр энэ оны турш үргэлжлэх нь тодорхой болж байна. Гагцхүү стратегийн ордын 34 хувийг төрд авах, байгалийн баялгийг иргэд хүртээх тухай асуудал хэний уурыг хүргэдэг вэ. Мөнгөгүй иргэдийнх үү, мөнгөтэй томчуудынх уу гэдэг их сонин…

Эх сурвалж: Tsahiur.mn

Санал болгох мэдээ

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын …