Aвлига албан тушаалын хэрэг 4.9 хувиар өсжээ

Прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээг өнөөдөр /2025.01.27/ танилцууллаа.

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 4.4 ХУВИАР ӨСЧЭЭ

2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсчээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 2,885,418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 113,818 буюу 3.4 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 54,501 буюу 1.6 хувь нь Автотээврийн тухай хууль зөрчих, 17,650 буюу 0.5 хувь нь хүний биед халдах зөрчил байна.

Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 0.3 хувиар буюу 28,214-өөр буурсан бол Хүний биед халдах зөрчил 11.5 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 11.2 хувиар тус тус буурсан байна.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 9.6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар тус тус өсжээ.

Прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хянаад, гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 3114 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 47,519 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 272 шаардлага хүргүүлж, 384 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ 14.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Прокурорын байгууллага 2024 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 онтой харьцуулахад 14.9 хувиар өссөн бөгөөд 78.7 хувь нь Нийслэлд, 21.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.7 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.2 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан байна.

СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН ХҮНИЙ ТОО БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлтийн 74,438, мөрдөн байцаалтын 28,543 хэрэгт хяналт тавьж, 15,969 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1268 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчилсан хүн 42 хувиар, цагдан хорих таслан сэргийлэх арга авсан хүн 9.2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС БУСДАД УЧИРСАН 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

2024 онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг буюу 46 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ 4.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Прокурорын байгууллага энэ онд авлига, албан тушаалын 1742 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.9 хувиар өсжээ.

Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

– Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 197,

– Хахууль авах, өгөх 128,

– Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 8,

– Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 85.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.6 хувь нь Нийслэлд, 33.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.6 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10.9 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.5 хувийг эзэлж байна.

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ 4.5 ХУВИАР БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 294 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 75 хүнд холбогдох 60 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн 17 хувь нь Авлига, 13.9 хувь нь Хулгайлах, 10.2 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.

Гэмт хэргийн улмаас 27.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.7 тэрбум  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 336.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 51.8 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ДИЙЛЭНХ НЬ 18-30 НАСНЫХАН ХОЛБОГДСОН

Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 69.4 хувь нь 18-30, 22.8 хувь нь 31-44, 3 хувь нь 45-аас дээш, 4.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 86 хувь нь эрэгтэй, 63.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.2 хувь нь Нийслэлд, 12.8 хувь нь Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2023 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН 4274 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ АЖИЛЛАВ

2024 онд хүүхдэд хохирол учруулсан 4013 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 онтой харьцуулахад 17 хувиар өссөн байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

– Хулгайлах 1119,

– Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 760,

– Хүчиндэх 675,

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 354,

– Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 227,

– Залилах 222,

– Дээрэмдэх 147 гэмт хэрэгт нийт 4274 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 63.3 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 29.1 хувь нь 8-13, 7.6 хувь нь 8 хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдүүдийн 2165 нь эрэгтэй, 2109 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1450 хүнд холбогдох 1174 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ СЭЛЭНГЭ, ТӨВ, ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДСЭН 

Прокурорын байгууллагаас 2024 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 863 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 428 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, Дорноговь аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН 

Прокурорын байгууллагаас 2024 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 769 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 0.5 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 456 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 480 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 469 хүний 1 хувь нь 18 хүртэлх, 18.1 хувь нь 18-30, 22.1 хувь нь 45-аас дээш, 59 хувь нь 31-44 насныхан байгаа бол 41.3 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.

Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй, 57.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 50.1 хувь нь Нийслэлд, 49.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

  1. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, гарсан үр дүн:

ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН 33.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Тухайлбал,

– Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 206.6 сая төгрөг,

– Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 330.3 сая төгрөг,

– Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая төгрөг,

– Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 2.5 тэрбум төгрөг,

– Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Үүнээс 1337 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 33.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр “гэрээний үүргийн гүйцэтгэл”-тэй холбоотой 411.1 сая төгрөг, Нийгмийн даатгалын газрын хүсэлтээр “нийгмийн даатгалын шимтгэл, алданги гаргуулах”-тай холбоотой 26.6 тэрбум төгрөгийг гаргуулсан байна.

Түүнчлэн Төрийн байгууллагын хүсэлтээр “ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбоотой 9.1 тэрбум төгрөг, “Түрээсийн гэрээ”-тэй холбоотой 8.4 тэрбум төгрөг гаргуулах иргэний хэрэгт прокурор төрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцож төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байна.

  1. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЯВЦАД 312 ХҮНИЙ ЗӨРЧИГДСӨН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокурор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж буй эсэхтэй 6740 удаа танилцаж, 1112 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчил илрүүлсэн байна. Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 196 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.

  1. Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээ:

ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН 668 ШИЙДВЭРИЙГ ЗӨВТГҮҮЛЛЭЭ

Прокурор 2024 онд эрүүгийн хэргийн анхан шатны 14938, давж заалдах шатны 2565, хяналтын шатны 125 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргав.

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт 882 эсэргүүцэл бичсэн байна. Үүнээс давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлсэн 843 эсэргүүцлийн 633 буюу 75.1 хувь, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлсэн 39 эсэргүүцлийн 35 буюу 89.7 хувь нь биелсэн байна.

  1. Бусад

ИРГЭД, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧДООС 22,877 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Прокурорын байгууллагаас 2024 онд иргэн, хуулийн этгээд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 22.877 өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

Үүнээс 82.3 хувь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос, 3.3 хувь нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлт байна.

Мөн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 261, шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 192 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.

Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэдээс нийт 1195 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 67.1 хувь нь хүний нөөц, 1.5 хувь нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгахтай холбоотой байгаа бол 31.4 хувь нь бусад асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Санал болгох мэдээ

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис …