Засгийн газрын ээлжит хуралдаанд Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.
2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.
Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.