Нийгмийн сүлжээ, сошиал орчинд нийтээрээ амьдарч талцдаг, хэлэлцдэг, хэрэлддэг Монголчууд биднийг сүүлийн гурав хоног идэвхтэй талцуулж, сошиал орчныг “шарлуулж” чадсан асуудал бол Noorog.mn домэйн хаягтай, хорь орчим насны залуучуудын хөтөлж албан ёсоор хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг сайтын залуучуудын цагдаагийн байгууллагатай холбогдсон тухай мэдээлж байлаа.
Асуудал сөхөгдсөн нь цагдаа нар “Хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа” гэсэн том агуулгатайгаар сөхөгдсөнөөр эрх чөлөөний, Ардчиллын өндөр мэдрэмжтэй шинэ үеийн залуучуудын, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгэлийн утсыг хөндөн гурав хоног анхаарлаас гаргасангүй. Энэ сэдвийг.
Ноорог сайтын залуучууд анх өөрсдийгөө “2024 оны сонгуулийн үйл явцыг бодитоор илэрхийлсэн, харуулсан баримтат кино бүтээсэн. Түүнийгээ яг цацахын өмнө бүх холбогдох техник, тоног төхөөрөмжийг хураан авлаа. Ноцтой зүйл заалтаар шалгаж байна” гэхчлэн мэдээллийг өгч нийгмийн массыг өөрсдийн талд анхааралдаа татан авч чадсан гэж болно.
Нийгмийн сүлжээ, сошиал орчны уур амьсгалыг хянамгай анхаарч ажлаа уялдуулж явуулдаг гэмээр манай шинэ үеийн төрийн байгууллагуудын загвараар тэр даруй Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны хэвлэлийн бага хурал зарлаж “Ноорог.мн сайтын залуучуудыг хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх асуудлын хүрээнд байцааж шалгаагүй, цахим хаягаар ирүүлсэн иргэний гомдлоор шалгаж эхэлж байна. Хувь хүний нууцын мэдээлэл цуглуулсан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байх сэжүүрт гарсантай холбоотойгоор хуулийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй” талаар мэдээлэл өгсөн.
Нэмэлтээр, хэдхэн цагийн дараа Ноорог.мн сайтын үйл ажиллагаа болон эрхлэн явуулдаг залуучууд нь алдарт гурван үсэгт хэмээн алдаршсан MCS компанитай холбоотой, тус компаниас санхүүждэг тухай мэдээллүүд хөвөрлөө. Товчхондоо “Хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа” хэмээн нийгмийн асуудал болж гарч ирсэн сэдэв нь угтаа өнөөгийн Монголын улс төрийн хүрээний сэдэв, асуудал болоод буй Баялагийн сангийн тухай хуулийн дагуу МУ-ын Засгийн газар MCS групп хоорондын тулааны нэг хэсэг байж болзошгүй дүр зураглал руу шилжив.
Үүнээс цааш Ноорог.мн сайтын асуудал салбарын сайдын хэмжээнд очив. Хууль зүйн дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ноорог тойрсон мэдээлэлд 9.3 тэрбум төгрөгийн тухай, амиа хорлосон иргэний тухай асуудлыг холбон нэмж оруулж ирэн” мэдэгдэл хийв.
Энэ хэсгийг өрнөлийг түр орхиод асуудлыг гаднаас нь өнгийвөл…
Нэг, Хэвлэлийн эрх чөлөөний тухай эхэлсэн асуудал манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын хоорондын зөрчилдөөн, маргаан болон үргэлжлэв. Нэгэнт MCS компани нэр холбогдон орж ирсэн хойно тэдний зүгээс дуугаа захиалж мэдээллээ цацуулах нь хөндлөнгөөс харахад ойлгомжтой санагдах юм. Дотооддоо хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, нэгнийхээ байр суурь, өнцөг, баримт материалыг үл ойшоон байгаа салбарын эд эсүүд гадаад орчин нийгэм, төрөөс хэвлэлийн эрх чөлөөг шаардах нь төдийлөн үр дүнгүй, учир холбогдолгүй харагдана. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн суурь зарчим чинь олон ургальч үзэл, олон талын байр суурь гээгүй билүү…
Хоёр, Гол сэдэв болох Ноорог.мн сайтын залуучуудын асуудал хэвлэлийн эрх чөлөө гэхээсээ илүүтэйгээр хувь хүний субьектив асуудал болон хувирах шинжтэй мэдээллүүдийг хуулийн байгууллага, Хууль зүйн яамны сайдын зүгээс олон нийт рүү шидсээр, олон нийтийг талцуулсаар байв. Дашрамд Ноорог.мн сайтын үйл ажиллагаа, залуучуудыг хамгаалж, өмгөөлж байгаа хэсэг нь илүү боловсролтой, эрх чөлөөний мэдрэмжтэй болж харагдахуйц трэнд бараг сошиал орчинд дэлгэрснийг чимхлэн дурьдая.
Энэ сэдэв хаашаа эргэх, асуудал хэрхэн шийдэгдэхийг одоохондоо тааварлахад эрт байна. Маргааш, нөгөөдөр ямар мэдээлэл, баримт дэлгэгдэхийг таашгүй. Гагцхүү урт хугацааны олон ангитай, олон оролцогчидтой, өндөр түвшний цуврал кино болох нь одоогоор ойлгомжтой байна.
Эцэст нь Ноорог.мн сайтын үүсгэн байгуулагч О.Уламсайханы хэлсэнчлэн “БАРИМТтайд нь итгээрэй” гэснийг санаж “Үнэн бодит, үзэж харж, барьж болохуйц” баримт гарч иртэл ИТГЭЛээ сэтгэлдээ тээж, үгээ тархиндаа тунгаан тэвчээртэйгээр, талцалгүйгээр, үйл явцад анхааран, гярхай ажиглаж суухыг танаас хүсье.
С.Өлзийхишиг