Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.
2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.
Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.
Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.
Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.
Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ
undefined

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.
Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.
Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна
undefined

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.
Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.
Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.
Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.
undefined

Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.

Санал болгох мэдээ

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс …