НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үдээс хойших хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид 2025-2026 оны өвлийн улирлыг давахад 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлье гэдэг төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт, 51 мянган өрхийг халаах халаагуурын тоног төхөөрөмжийг худалдан авах, тухайн айл өрхийг дулаан алдалтгүй болгох, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах гэсэн суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хийн түлшид шилжсэн айл өрхөд одоогийн шөнийн цагийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үйлчлэхээс гадна 10-аас дөрөвдүгээр саруудад агаарын тухай хуульд үзүүлсэн нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлье гэж байгаа юм. 51 мянган айлыг цахилгаан болон хийн халаагуурт шилжсэнийх нь төлөө, өвлийн улирлын туршид урамшуулал олгох боломжтой гэх тооцоо судалгааг гаргасан. Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм” гэлээ.