Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан.
Тэгвэл энэ жилийн хүрээнд замаа өргөтгөх, шинээр барих, гэр хорооллын янданг цөөлж, агаарын бохирдлыг бууруулах, соёл амралтын хүрээлэнг шинээр барих, Мөрөн суманд ойн зурвас байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал 2025-2027 онуудад Мөрөн суманд нийт 16 байршилд 12,2 км зам барьж, 5 уулзварыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Энэ онд шинээр 14 байршилд 10.19 км зам барьж, 2 байршилд 2.04 км зам шинэчлэн 5 уулзварыг өргөтгөнө.
Хөвсгөл аймагт 2025-2028 онуудад хийгдэх голлох бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэе.
Янданг 3000-аар цөөлнө
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулж, утаа тоосжилтыг бууруулахаар төлөвлөсөн. Өвөлдөө агаарын бохирдол ихтэй аймгийн төвүүдийн нэг. 2025 онд Мөрөн суманд 10 258 яндан тоологдсон. Жилд 38 088 тн нүүрс, 61 576 м куб мод түлдэг байна. 2028 онд 3000 янданг буулгахаар төлөвлөж инженерийн баг ажлаа эхэлжээ.
Соёл амралтын хүрээлэнг бүрэн шинэчилнэ
Танин мэдэхүй, аялал жуулчлал, амралт зугаалгын 3 бүстэй орчин үеийн шийдэлтэй Соёл амралтын шинэ хүрээлэнг аймгийн төв Мөрөнгийн сумын баруун тал Дэлгэрмөрөн голын эрэгт, хуучин суурин дээр байгуулахаар төлөвлөжээ. Хөвсгөл аймгийн онцлог шинж, үндэстэн угсаатны бэлгэдлийг агуулсан Соёл амралтын хүрээлэнг 2027 оны зургаадугаар сарын 01-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Ойн зурвас байгуулна
2025-2028
Мөрөн сумын зүүн захаас Угталтын хаалга хүртэл 5 км-т 5200 гаруй модтой ойн зурвас байгуулахаар хамгаалалт, усалгаа, арчилгааны зардлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар бүрэн шийдвэрлэжээ. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” Сум дундын ойн анги хариуцах юм байна.