Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей хуримтлуурын “Сонгино” станцаар өчигдөр орж, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа.
Төсөл нь АХБ-ны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар, Монгол Улсын Засгийн газрын 11.9 сая ам.долларын татварын чөлөөлөлттэй, ЭХЯ хэрэгжүүлэгчээр, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК ашиглагч байгууллагаар ажиллаж байна.
Төслийн хүрээнд барьж байгуулсан Батарей хуримтлуурын станц нь 2023 оны 12 дугаар сарын 8-нд Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдон зэрэгцэн ажиллаж эхэлсэн байна.
Улсын комисс 2024 оны 12 дугаар сарын 13-нд хүлээн авч ажиллуулснаар 68.9 сая кВт, 2025 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 27.3 сая кВт\ц, нийтдээ өнгөрсөн хугацаанд 96.2 сая кВт\ц-ын эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлээд байна. Энэ нь 10.6 сая ам.долларын дүнтэй дүйцэхүйц хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулжээ.
Өнөөдрийн байдлаар Диспетчерийн Үндэсний төв ТӨХХК-ийн баталсан горимын дагуу мөн оргил ачааллын үед цахилгаан, эрчим хүчийг тогтмол нийлүүлэн ажиллаж буйг станцын инженер Ц.Амарсайхан сэтгүүлч нарт танилцууллаа.
Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 80 МВт\200 Мвт.ц чадалтай батарей хуримтлуурын системийг суурилуулж, нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагааг ханган дээшлүүлэх зорилготойг төслийн зохицуулагч М.Наранбат хэллээ.
Тодруулбал:
-Цахилгаан, эрчим хүчний оргил ачааллын үед батарей хуримтлуураас нэгдсэн сүлжээнд 80 МВт чадлын эрчим хүчийг нийлүүлэх. Ингэснээр гаднаас буюу ОХУ-аас нийлүүлж буй эрчим хүчний хэмжээг бууруулж, эрчим хүч хязгаарлах, ДЦС-ын тэг зогсолтоос сэргийлж сэргээх.
-Сэргээгдэх эрчим хүчний нар, салхи зэрэг эх үүсвэрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох,
-Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж хүчдэлийн тохируулгыг хийх юм.
-Станц 2023-2024 оны өвлийн ид оргил ачааллын чадал 1.636 МВт хүрч, импортын чадлын хязгаараас гадна дутагдсан 142.3 МВт чадлаас 80 МВт-ыг нийлүүлж 25-30 мянган айлын хэрэглэгчийг хязгаарлалтад өртөхөөс сэргийлсэн дүнтэй байна.
Батарей хуримтлуурын “Сонгино” станцын онцлогууд: Монгол Улс дахь эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын анхны,
Ази тивийн сэрүүн бүс дэх цөөн хуримтлуур станцын нэгд орж байна,
Монгол Улсын 2024 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан,
Сэргээгдэх эрчим хүчний буюу ногоон эрчим хүчний шилжилтийн үеийн хамгийн том төсөл бөгөөд бүрэн ажилласнаар 37.400 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах юм. Төслийн санхүүжилт одоогийн байдлаар 76.2 сая ам.доллар хийгдсэн, 94.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “ZTT & ZEST” компаниудын консерциум 80.9 сая ам.долларын гэрээний дүнтэй, зөвлөгч буюу гэрээлэгч байгууллагаар Герман улсын “RWE Technology International GmbH” 1.84 сая ам.долларын гэрээтэй тус тус ажиллаж байна.
Эх сурвалж:mongold.wordpress.com
Б.Болд