Шинжлэх ухааны академи болон харьяа 16 хүрээлэн, Тэргүүлэгчдийн газраас өчигдөр /2025.06.18/ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимлыг хандивлав.
Хандивт Монгол хэл, утга зохиол, аман судлал, соёл, дүрслэх урлаг, хөгжим судлалаас эхлээд Шинжлэх ухааны академийн 16 хүрээлэнгээс гаргасан салбар салбарын боть номууд орж байгааг Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, ШУ-ны гавьяат ажилтан, академич С.Дэмбэрэл онцлон хэллээ.
Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй, эрдэмтэн, судлаачдыг хүүхэд залуучуудтай уулзуулж байх болно” хэмээн хэлж номуудыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индрад гардууллаа.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра“Номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зорилгоор Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд шинжлэх ухааны салбар бүрийг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном товхимлыг бэлэглэн, сан хөмрөгийн баяжилт хийж буйд талархалтай байна.
Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааныг олон нийтэд илүү ойртуулж, ялангуяа залуусыг судалгааны ажилд уриалан дуудах, шинжлэх ухааныг сонирхуулах, боловсролд тулгуурласан ирээдүйг бэхжүүлэх чухал алхам юм.
Бидний саналыг хүлээн авч, хамт олноо манлайлан, номын сангийн сан хөмрөг баяжуулах аяныг маань дэмжсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич С.Дэмбэрэл танд хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.” сэтгэгдлээ хуваалцав.