Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас уг систем дээр ажиллах арга зүйг түгээх сургагч багш буюу системийн хэрэглэгчдийг бэлтгэх сургалтыг нийслэл, орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэллээ.
Тэрбээр төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн харилцаа ил тод, шуурхай болж буйг дурдаад энэ цогц систем нь зөвхөн бүртгэлийн систем биш байгууллагуудын үйл ажиллагааг цахимаар удирдах боломжтой дижитал шилжилтийн маш том дэвшил гэдгийг онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийн үйл ажиллагааг 2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн дотор эхлүүлэх”-ийг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хот болоод орон нутгийн 150 албан хаагч цугларч уг системийг ажиллуулах эхний боловсон хүчин болж бэлтгэгдэж буй нь энэ юм.
Учир нь төрийн өмч, орон нутгийн өмчийн бүртгэлийг цаасан дээр хийснээр аливаа хөрөнгө бүртгэлгүй үлдэх, алга болох асуудлууд үүсдэг байв. Механик буюу гараар хийхэд алдаа гардаг байдал халагдаж “ХУР“ төрийн мэдээлэл солилцооны систем, И-Монголиа системтэй шууд холбогдсоноор төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна мэдээллийн үнэн зөв байдал найдвартай хангагдахаар болж байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогодоо Цахим Монгол болохоор тусгасан. Цахимжиж, дижитал шилжилтийг бий болгоно гэдэг нь бүх удирдлагын шийдвэр гаргалтын түвшинд ч тэр, жирийн нэг хөрөнгө хариуцсан нягтлангийн хувьд ч тэр аливаа зүйл нэг хүнээс шалтгаалахгүйгээр мэдээллийн бааз үүсээд явах боломжийг бий болгож байна гэсэн үг.
Эрх зүйн зохицуулалтын хувьд Нийтийн өмчийн тухай хууль УИХ-д өргөн мэдүүлчхээд байгаа. Төрийн болон орон нутгийн мэдээллийн нэгдсэн сан бий болох ажил хуульчлагдах гээд явж байна. Үүний бэлтгэл ажил болгож олон жил гар ажиллагаатай явсан цаасан суурьтай мэдээллийг цахим суурьтай болгох, төрийн байгууллагуудын мэдээллийг солилцох, бүх шатанд үнэн зөв мэдээллийг real time-аар явуулах, цаашлаад өмч хөрөнгө хариуцаж байгаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх гээд олон зорилгуудыг бид өмнөө тавьсан.
Бид өмнө нь орон нутгийн өмчийн системийг аймаг аймгаар хийхээр төлөвлөж байсныг болиулж Монгол Улс нэгдсэн нэг улс болохын хувьд олон салангид бүтцээс татгалзаж нэгдсэн нэг системд нэвтэрч бүх мэдээллийг авдаг болсноороо нэг төрлийн хэмнэлтийг хийгээд байна.
Мэдээний үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл