Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар OneSky Mongolia Олон Улсын байгууллагатай хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад тус бүр 3.5 сая төгрөгийн үнэ бүхий хэрэглэгдэхүүнийг өнөөдөр /2025.09.26/ хүлээлгэн өглөө.
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгож буй тус багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих 27 төрлийн тоглоом, 13 төрлийн ном, 9 төрлийн бичиг хэргийн хэрэглэгдэхүүн, эко модон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн багтаж байна.

Хүүхэд харах төвүүд нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй 1-4 насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хүмүүжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.
Монгол Улсад өнөөдөр нийт 115 хүүхэд харах төвд 1386 хүүхэд хамрагдаж байна.
OneSky Mongolia Олон улсын байгууллага нь бага насны хүүхдийн чадавхыг нээн хөгжүүлэх, эрт үеийн боловсрол олгох чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг сургаж чадавхжуулж, 2024 оноос Хүүхэд харах төвүүдтэй хамтран Монгол Улс дахь “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл