Завхан аймагт “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинар эхэллээ

Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн Зүрх ТББ хамтран зохион байгуулж буй “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинар Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр эхэллээ.

“Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинарыг  нээж, Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа нар үг хэллээ.

Мөн Жендэрийн дүн шинжилгээ ба хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа мэдээлэл хийв.

Уг үйл ажиллагаанд Завхан аймгаас 50 оролцогч, Баруун болон хангайн бүсийн 10 аймгийн төлөөлөл (Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Увс, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл) нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

“Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинар “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын холбоо хамаарал, шийдэл”,  “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж буй орон нутгийн сайн туршлага, санаачилга” хоёр сэдвийн хүрээнд өрнөнө.

Семинарын 2-р хэсэгт оролцогчид өөрсдийн ажил үүрэг, туршлага, сонирхлын хүрээнд хэлэлцүүлгийн сэдвийн дагуу өөрсдийн орон нутаг дахь нөхцөл байдал, ололт амжилт, сургамж, сайн туршлагаа хуваалцах юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Жендэрийн Үндэсний Хорооны хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төсөл”-ийн  хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах талаар мэдлэгийн арга хэмжээг зохион байгуулах зорилт тавьсны дагуу  Монгол Улсын бүх аймгийг хамарсан бүсийн семинарыг 4 аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

 Уг семинар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгад жендэрийн үзэл баримтлалыг тусгасан санаачилга, туршлагыг хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн жендэрийн ялгаатай нөлөөллийн талаар ойлголтыг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах Тогтвортой Хөгжлийн Зорилт 5 (ТХЗ 5), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 13), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 17) болон тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих , орон нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү семинар нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтаж буй арга хэмжээний нэг юм.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …