Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье — НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор 2025 оны 11 сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүллээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, ГБХНХЯ-ны Tөрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн, Монгол Улсад суугаа Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье— НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд дараах уриалгыг дэвшүүлж байна.
-Цахим орчны аюулгүй байдлыг хангахад бүх хүчээ нэгтгэе!
-Даван туулагчдыг дэмжье. Тэднийг хэзээ ч бүү буруутга. Даван туулагчдад зориулсан жендэрийн мэдрэмжтэй, хүүхдэд ээлтэй тусламж, үйлчилгээгээ сайжруулъя.
-Гэмт этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэе.
-Төр, засгийн зүгээс технологи ашиглан үйлдэж буй хүчирхийллийн бүхий л хэлбэрт, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бий болгоё
-Технологийн компаниуд аюулгүй, ил тод, хариуцлагатай цахим платформуудыг бий болгоход манлайлах ёстой.
Эх сурвалж: cccp.gov.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




