Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт явагдсаар байдаг. Энэ өөрчлөлт ганцхан байгаль цаг уурт тохиолдоод байгаа юм биш. Ан амьтан, хүн, гэрийн тэжээвэр нохой, муур хүртэл өмнөхөөсөө тэс өөр болсон байгааг анзаардаг л байх. “Эволюц зогсдоггүй” гэж зарим хүн шилээ шөргөөн залхуутайяа тайлбарлаж мэдэх л юм. Гэхдээ энд байгалийн оролцоогүй өөр хүчин зүйл байна гэдэг зөрүүд бодол өөрийн эрхгүй төрөх.
Саяхан Нью Жерси мужийн Монтклер их сургуулийн эрдэмтэн, профессор Габриел Рубин1997-2012 оны хооронд төрсөн энэ бүлэг нөхдийн дунд судалгаа явуулаад тэднийг дэлхий ертөнцөөс, нийгмээс айх айдастай болохыг олж мэджээ. Бидний Gen Z гэдгээр нь хэлж хэвшсэн орчин үеийн залуустай профессор Габриел Рубин улс төр, эрсдэл, эсэргүүцлийн үзэл бодлын талаар ярилцлага хийж үзжээ. Урт удаан ярианы төгсгөлд өгсөн санал асуулгыг бөглөхдөө тэдний ихэнх нь “Дэлхийг аймшигтай газар гэж хардаг” гэсэн хариултыг бөглөсөн байжээ.Тэд бидний амьдарч дассан дэлхий ертөнцийг аймшгийн газар гэж харах болсон шалтгааны нэгдүгээрт сошиал медиа болон эдийн засаг орсон байх аж. Үнэндээ түүнтэй хамтран ажилласан судлаач залуучууд хүртэл “хаа сайгүй эрсдлийг мэдэрч байдаг” гэж ярьж байсан гэнэ.
Профессор Рубин “Эдгээр айдас нь бодит аюул биш, харин эрсдэлийн талаарх тэдний итгэл үнэмшил байж магадгүй” гэж хэлжээ. Түүний судалгаагаар олж мэдсэн эдгээр мэдээлэл хэт амархан уурлаж, гомддог орчин үеийн залуусыг тодорхойлдог сөрөг (эсвэл хэвшмэл) ойлголтыг бататгаж магадгүй гэнэ. Энэхүү судалгаа нь Эрсдэлийн Шинжилгээний Нийгэмлэгийн бага хуралд танилцуулагдаж, Gen Z эрсдлийг хэрхэн хардаг талаар гурван гол дүгнэлтэд хүргэжээ.
Нэгдүгээрт, энэ үе нь Covid-ийн хорионы үед авсан сөрөг мэдрэмжээс үүдэлтэй дурсамж зэрэг хүчин зүйлсээс үүдэн дэлхийг аймшигтай газар гэж хардаг.
Хоёрдугаарт, тэд дэлхийг өөрчлөх чадвартаа улам их эргэлзэх хандлагатай болж байна. Энэ эргэлзэх хандлага нь эрсдлийн талаарх тэдний үзэл бодолд маш чухал. Учир нь үр дүнтэй хяналтгүй дэлхий илүү эрсдэлтэй харагддаг.
Гуравдугаарт, Gen Z ирээдүйд итгэх итгэл багатай. Олон хүн уур амьсгалын өөрчлөлт зэрэг амархан шийдэл байхгүйгээс болж оршихуйн асуудалтай, стресстэй эсвэл гунигтай байдаг. Энэ нь тэдэнд ирээдүйн тухай сөрөг ойлголт төрүүлдэг бололтой.
Судалгаагаар Gen Z үе эрсдлийг хар цагаан гэдэг тодорхойлолтоор ойлгож, нөхцөл байдлыг аюулгүй эсвэл аюултай гэж дүгнэдэг болохыг илрүүлсэн. Энэ нь хүн эрсдлийг өөрийнх нь хүрээнд оршиж, үнэлж, удирдаж болохыг ойлгохгүй болсонтой холбоотой дүгнэжээ. Энэ нь судлаачийн тодорхойлсноор залуучууд “хаа сайгүй эрсдлийг мэдэрдэг” гэсэн үзлийг дэлхийд бий болгож байгаа ажээ.
Gen Z-ийн үзэж буй бусад томоохон эрсдэлүүдэд сургуулийн ялгаварлан гадуурхалт, цагаачлалын эрх, улс төрийн хуваагдал, аюулгүй байдал ба гэмт хэргийн түвшин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал багтана. 2019 онд хэвлэгдсэн нэгэн судалгаанд залуу насанд хүрэгчид ахмад настнуудтай харьцуулахад эрх мэдэл, нарциссизм гэдэг үгс илүү ‘стресс’-дүүлдэг болохыг тогтоосон байдаг. Судалгаа нь залуу бүсгүйчүүдэд онцгой хүчтэй нөлөө үзүүлж, бараг бүгд хүний эрх аюулд орж, өмнө байснаасаа дор болсон гэж үзэж байжээ. ‘Энэ нэмэгдэж буй цинизм (нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн зүйлст сөрөг, нигилист хандлага) үнэхээр миний гайхшралыг барж байна,’ гэж профессор Рубин ярьжээ. Профессор Рубин өмнө нь энэ үе мэдээлэл ихтэй, нийгмийн сүлжээнд мэдээллээ тогтмол хуваалцдаг тул эрсдэлд онцгой мэдрэмтгий гэж бодож байж.
Тэрбээр ‘2022 онд энэ судалгааг эхлүүлэхдээ нэлээд өөдрөг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам Gen Z-ийн талаарх үзэл бодол нь өөрчлөгдөж, өөрчлөлт хийхэд хэцүү гэсэн мэдрэмж төрөх болсон’ гээд “Судалгаагаар сүүлийн гурван жил түүхэн дэх хамгийн аюулгүй үеүүдийн нэг байсан гэдгийг харуулсан ч, Gen Z эрсдэлийн үнэлгээгээр бол маш том зөрүүтэй” гэдгийг тэрээр нэмж хэлжээ.
Зарим эрдэмтэд Gen Z нь Мэдрэхүйн Боловсруулалтын Мэдрэмтгий (SPS) асуудлыг шийдэж байгаа гэж үздэг бөгөөд энэ нь тэд өдөөлт болон бусад мэдээллийг өмнөх үеийнхээс илүү гүнзгий, эрчимтэй боловсруулдаг гэсэн үг юм. Энэ нь тэдний түгшүүр, сэтгэл гутралыг нэмэгдүүлж, амьдралын чанар, сайн сайхан байдалд нөлөөлж болзошгүй аж. Чех улсын 407 их сургуулийн оюутны судалгаагаар эрэгтэйчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь нь өөрсдийгөө эцэг эхээсээ илүү мэдрэмтгий гэж үздэг гэжээ.
Эх сурвалж: Daily Mail
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл