Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд өнөөдөр болов.
УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг УИХ-ын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.
Энэ жил “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээл туурвисан Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрхэсхулан нарт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. Ёслолын үеэр УИХ-ын дарга Н.Учрал дээрх хоёр эрхэмд шагналыг гардуулж, эрдэм судлалын их үйлс нь арвижин дэлгэрч, эрх зүйн шинжлэх ухааны хөгжил, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг хүсэн ерөөв.
“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл” нь бүтцийн хувьд 13 бүлэг, 76 дэд хэсэг, ном зүйгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл бөгөөд эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий, тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснаараа онцлогтой аж.
Нэр хүндтэй энэхүү шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Ц.Сарантуяа, Гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор П.Амаржаргал, магистр М.Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, магистр Ц.Даваадулам, профессор Том Гинсбург нарын бүрэлдэхүүнтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар ахлагчтай судалгааны баг болон философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нар тус тус хүртэж байжээ.

Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл