Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-нд инженер хангамж болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдлага “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэнэ.
Мөн Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сар шинийн баярын өдрүүдэд хэрхэн ажиллах чиглэлээр зарим үүрэг даалгаврыг өгөв. Тухайлбал, гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл их бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмж, анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх, дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоолны хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой болон гэр, орон сууцны хулгай, дээрмээс сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгожээ.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулахыг даалгасан байна.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл