Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед Монгол Улс “Модон Могой” жилд (2025 онд) гадаад бодлогын  түүхэнд шинэ хуудсыг нээсэн жил боллоо гэж хэлж болохоор байна.

Хүн төрөлхтний түүхэнд “могой гэдэг амьтан” нь уян хатан байдал, мэргэн ухаан, шинэчлэлтийн бэлгэдэл байсаар ирсэн бол могой жилийн үйл явц Монгол Улсын өнөөгийн дипломат бодлогогод шинэчлэлийг дагууллаа.

Хоёр хөршийн нөлөөлөл болон “Гуравдагч хөрш”-ийн сонирхлын огтлолцол дунд Монгол Улс зөвхөн ажиглагч бус, харин идэвхтэй тоглогч, энх тайвны зуучлагч, эдийн засгийн шинэ зангилаа улс болох үүд хаална нээгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баримтлан хэрэгжүүлсэн энэхүү геополитикийн ухаалаг маневр нь зөвхөн олон улсын индэр дээрх улс төрийн амжилт төдий бус, Монгол өрх бүрийн үүдээр орж ирэх бодит үр өгөөж болон хувирах эхлэл тавигдлаа.

Уян хатан бөгөөд Олон тулгуурт бодлого

Монгол Улсын гадаад харилцааны суурь зарчим болох “олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй” бодлого 2025-2026 онд хамгийн өндөр түвшиндээ хүрч байна. Дэлхийн тавцанд зэвсэгт мөргөлдөөн, худалдааны хориг арга хэмжээнүүд хэвийн үзэгдэл мэт болсон энэ үед Монгол Улс Ази тивийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энэхүү тогтвортой байдал нь олон улсын итгэлийг татаж, дэлхийн нөлөө бүхий гүрнүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлэх хөрс суурь болсон бөгөөд хөрөнгө оруулагчдад улс төрийн ноцтой эрсдэлгүй орчныг санал болгож чадлаа.

Энэ хугацаанд Монгол Улс дэлхийн 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрч, 4.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь олон тулгуурт гадаад бодлого эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажиж буйн тод жишээ юм.

 “Гуравдагч хөрш”-ийн бодлого урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, Бүгд Найрамдах Итали Улстай харилцааны түвшнээ хоёр шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэсэн бол Чех, Польш, Киргизстан улсуудтай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо.

Хөрш орнуудтайгаа хийх прагматик хамтын ажиллагааны хүрээнд хамгийн том тэсрэлт бол Евразийн Эдийн Засгийн Холбоотой (ЕАЭЗХ) байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр байв. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын эдийн засгийг олон төрөлжүүлэх түүхэн боломж бөгөөд эдийн засгийн дипломат ажиллагааны оргил цэгүүдийн нэг юм.

Худалдааны чиглэл Чөлөөт худалдааны хэлэлцээрийн нөхцөл ба Үр нөлөө
Монголоос ЕАЭЗХ руу (Экспорт) Монголын 667 төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуурын гаалийн татварыг тэглэв. Энэ нь өмнө байсан 30-40 хувийн татварын хаалтыг нураасан явдал юм. Экспортын хэмжээ 24.1 хувиар өсөх боломжтой.
ЕАЭЗХ-ноос Монгол руу (Импорт) Дотоодод үйлдвэрлэдэггүй 367 төрлийн хүнс, хүнд машин механизм, химийн бордоо татваргүйгээр орж ирэх нөхцөл бүрдлээ. Энэ нь газар тариалан болон аж үйлдвэрийн салбарын зардлыг шууд бууруулна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дипломат ажиллагаа: Дэлхийн тайзан дээрх Монголын дуу хоолой

Монгол Улсын гадаад нэр хүндийн сэргэлт нь Ерөнхийлөгчийн түвшний идэвхтэй дипломат ажиллагаатай салшгүй холбоотой. 2025 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех, Польш, Итали, Гэгээн Ширээт Улс (Ватикан), Энэтхэг, Киргизстан, Тажикистан зэрэг орнуудад төрийн айлчлал хийсэн нь сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр давтамжтай, стратегийн ач холбогдолтой алхмууд боллоо.

Үүний хариуд Туркменистан, Узбекистан, Япон, Австрали, Австрийн төрийн тэргүүнүүд Монголд хүрэлцэн ирсэн нь дэлхийн геополитикийн зураглалд Улаанбаатар хот стратегийн уулзварын статусаа бататгасныг гэрчилсэн үйл явдал болов.

Эдгээр айлчлалууд нь зөвхөн ёслолын шинжтэй байсангүй, харин эдийн засгийн маш тодорхой зорилго агуулж байв. Энэтхэг Улсад хийсэн айлчлалаар 70 жилийн түүхтэй дипломат харилцаагаа бататгаж, газрын тос боловсруулах үйлдвэр болон батлан хамгаалах, цахим аюулгүй байдлын салбарын түншлэлийг шинэ шатанд гаргав.

Итали Улсад 14 жилийн дараа хийсэн айлчлалын үеэр Монголын ноос ноолуур, арьс ширний салбарт Италийг “Европ руу гарах гол хаалга” болгох суурийг тавьсан. Итали бол дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хянадаг бөгөөд Монгол ямааны самнасан ноолуурын 80 хувийг худалдан авдаг гол түнш юм. Энэхүү айлчлалын үр дүнд Италийн “Cassa Depositi e Prestiti S.P.A”-тай байгуулсан санамж бичиг нь Монгол ямааны ноолуурыг Италийн загварын нийлүүлэлтийн сүлжээнд шууд холбож өгсөн үйл явдал болов.

Иргэдэд ирэх бодит үр ашиг: Өрх бүрийн амьдралд тусах гэрэл

Дипломат ололт амжилт нь өндөр түвшний уулзалтаас хальж, энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг бодит тоо баримтаар хэмжих боломжтой. Гадаад харилцааны тэлэлт нь шууд утгаараа Монгол хүний үнэ цэн, боломжийг дэлхийн тавцанд нэмэгдүүлж байна.

Визийн хөнгөлөлт ба Чөлөөт зорчих эрх: Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Европын 32, Далайн орнуудын 2 буюу нийт 34 улсын иргэдийг визнээс чөлөөлөх шийдвэрийг 2026 оныг дуустал сунгалаа. Мөн БНСУ-ын иргэдийг 90 хоног хүртэл визгүй зорчуулах журам үргэлжилж байна.  Энэхүү нээлттэй бодлогын хариуд олон улсын түвшинд Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөл тасралтгүй сайжирч, дэлхийн 60 гаруй улсад Монголчууд визгүй зорчих боломжтой болсон нь паспортны хүчийг илтгэж байна. Гадаад иргэдийн урсгал нэмэгдсэнээр 2025 онд 846,103 жуулчин Монголд ирсэн нь орон нутгийн зочид буудал, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт шууд бэлэн мөнгөний урсгал авчирч, олон мянган ажлын байрыг тэжээн тэтгэж байна.

Дотоод дах шинэ боломжууд

Гадаад бодлогын эдгээр амжилт нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан дотоодын мега төслүүд болох “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдтэй нягт уялдаж, олон улсын дэмжлэгийг татаж чадсан. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын “Тэрбум мод” санаачилга нь дэлхийн хамтын нийгэмлэгт өндрөөр үнэлэгдэж, улмаар 2026 оны 8 дугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авчирсан.

“Тэрбум мод” сангийн тайлангаас үзэхэд сүүлийн жилүүдэд 1435 га талбайг ойжуулан нөхөн сэргээж, нийт 3,451,342 мод тарьж ургуулаад байна. Нөгөөтэйгүүр, ЕАЭЗХ-той байгуулсан худалдааны хэлэлцээрийг бодитоор ашиглаж, экспортлогч орон болохын тулд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн стратегийн ач холбогдолтой болсон. Энэ хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан 889 аж ахуйн нэгж, иргэнд нийт 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үр дүнд нь хүнсний салбарт шинээр 53 үйлдвэр ашиглалтад оржээ. Энэ нь гадны импортоос хараат байдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар хамгаалж буй хэлбэр юм.

Боловсролын тэтгэлэг ба Хүний капиталын өсөлт:

Дипломат харилцааны бас нэгэн гол үр дүн нь Монголын залууст дэлхийн түвшний боловсрол эзэмших хаалгыг үнэ төлбөргүйгээр нээж өгсөн явдал юм. Олон улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд тэтгэлгийн тоо эрс нэмэгдэж, өрх гэрүүдийн санхүүгийн дарамтыг хөнгөлөв.

Түншлэгч Улс 2025-2026 оны боловсролын тэтгэлгийн нөхцөл ба Боломжууд
Итали Улс Засгийн газар хоорондын гэрээгээр 220 хүнд тэтгэлэг олгоно. Шинээр бакалавр, магистр, докторын түвшинд 69 оюутан элсүүлж, дизайн, инженерчлэлийн чиглэлээр сургана.
Оросын Холбооны Улс Жил бүр 600 гаруй тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ нь нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орж байна. Эрчим хүч, уул уурхайн салбарын гол боловсон хүчнийг бэлтгэж байна.
Бүгд Найрамдах Франц Улс Магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлэг олгож эхэлсэн.
Бүгд Найрамдах Чех Улс Бакалавр, магистр, докторын түвшний урт хугацааны болон багш солилцооны богино хугацааны тэтгэлгүүдийг албан ёсоор зарласан.

Гадаад валютын нөөц ба Үнийн тогтвортой байдал: Ухаалаг дипломат бодлого, экспортын тэлэлт болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2025 оны эцэс гэхэд түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь Монгол төгрөгийн ханшийн огцом савлагааг зогсоож, импортын барааны үнийн өсөлт буюу инфляцыг хазаарлах хамгийн хүчтэй хөшүүрэг болж байна. Эдийн засгийн энэхүү дархлаа нь иргэдийн цалин, тэтгэврийн худалдан авах чадварыг хамгаалж, өрхийн төсөвт ирэх инфляцын дарамтыг бууруулж буй хамгийн бодитой үр дүн юм. Энэхүү макро эдийн засгийн тогтвортой байдал нь ирэх 5 жилд дундаж давхаргыг 20 хувиар тэлж, ажилгүйдлийг 4.5 хувь хүртэл бууруулах хөгжлийн бодлогын суурь болж байна.

Эдийн засгийн коридор ба Хамтын ажиллагаа: Стратегийн мега төслүүдийн урагшлал

2025-2026 он бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил яригдсан эдийн засгийн мега төслүүд цаасан дээрээс хөрсөн дээр бууж, их бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд болж байна. Эдгээр төслүүд нь Монгол Улсыг Ази-Европыг холбосон ложистик, эрчим хүчний стратегийн зангилаа болгох эцсийн зорилготой. Азийн Хөгжлийн Банкны (АХБ) таамаглалаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6 хувиар, 2026 онд 5.9 хувиар тус тус хүчтэй өсөх дүр зурагтай байна.

Эрчим хүчний тусгаар тогтнол ба Сэргэлт: Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон эрчим хүчний салбарт олон улсын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний нийт 22 төсөл хэрэгжиж байгаагийн хамгийн чухал нь баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл юм. Гадаад харилцааны шугамаар шийдвэрлэгдсэн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн хүрээнд уг станцын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна. Түүнчлэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон бусад олон улсын байгууллагуудтай нар, салхи, батерейны хуримтлуурын системийг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, гуравдугаар үе шат буюу 2041-2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний цэвэр экспортлогч болох суурийг эргэлт буцалтгүйгээр тавьж байна.

Дэд бүтэц, Эдийн засгийн коридор: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрний өрөмдлөг, барилгын ажил 2025 оны 6 дугаар сард албан ёсоор эхэлсэн нь экспортын ложистикийн гацааг арилгасан түүхэн үйл явдал болов.

Энэхүү бүтээн байгуулалт нь нүүрс болон бусад ашигт малтмалын экспортын хүчин чадлыг шууд хоёр дахин нэмэгдүүлж, тээврийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм. Үүнтэй зэрэгцэн Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөр, тэр дундаа байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төслийн яриа хэлэлцээ эрчимтэй үргэлжилж байна. ОХУ болон БНХАУ-ын удирдлагуудтай хийсэн дээд хэмжээний уулзалтуудын үеэр эдгээр мега төслүүдийг тэргүүлэх чиглэлд тавьж ажиллахаар харилцан тохиролцсон нь Монгол Улсын транзит эдийн засгийн потенциалыг нээх улс төрийн баталгаа боллоо. Мөн Францын “Орано” групптэй хамтран Зөөвч Овоогийн ураны уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн баталгаажуулж, жилд 2500 тонн уран олборлох шинэ стратегийн салбарыг бий болголоо. Зөвхөн “Оюу толгой” компани гэхэд 2025 онд нийт 2.34 их наяд төгрөгийг татвар хураамжаар улсын төсөвт төвлөрүүлсэн нь мега төслүүдийн шууд өгөөж юм.

Уул уурхайн бус салбар ба Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ): Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалахын тулд уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг халах бодлого үр дүнгээ өгч байна. ЕСБХБ-аас 2025 онд Төв Ази болон Монголын ЖДҮ эрхлэгчдийг дэмжих Эрсдэл хуваалцах тогтолцооны (RSF) хүрээнд дээд амжилт тогтоож, Монголын 26 компанид нийт 28.5 сая еврогийн (ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг) хамтарсан санхүүжилт олгожээ. Энэхүү санхүүжилт нь технологийн компаниуд (жишээлбэл “Ай Ти Зон” ХХК), үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбарын бизнесүүдэд олгогдсоноор үндэсний үйлдвэрлэгчид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлж байна.

Эцсийн дүндээ, Монгол Улсын дипломат мандалт нь зөвхөн олон улсын тавцан дахь нэр хүндийн өсөлтөөр хязгаарлагдахгүй бөгөөд экспортын шинэ үүд хаалгыг нээх, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын ЖДҮ рүү чиглүүлэх, стратегийн мега төслүүдийг хөдөлгөх хөдөлгүүр болон хувирч байна.

Гадаад бодлого гэдэг нь холын хийсвэр ойлголт бус, харин улс үндэстний дархлаа, өрх гэрийн эдийн засгийн бат бэх багана болохыг энэ цаг үе бэлхнээ харуулж байна. Могой жилийн энэхүү прагматик, ухаалаг дипломат сэргэлт нь Монгол Улсыг бүс нутгийн эдийн засгийн хүчирхэг, найдвартай, бие даасан тоглогч болгон төлөвшүүлж, ирээдүй үеийнхээ өмнө хариуцлагатай, бат бэх эдийн засагтай улсыг цогцлоох алтан боломжийг бий болгох эхлэлийг тавьлаа.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …