Хүүхдийн эндэгдэл буурч байсан эерэг хандлага сүүлийн жилүүдэд саарч, гаднын хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд өсөх хандлага ажиглагдаж байгааг Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөний үеэр Хүүхдийн мэргэшлийн салбар зөвлөлийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Ш.Энхтөр онцлов.
“Блью скай” зочид буудалд өнөөдөр болсон энэ удаагийн зөвлөгөөн нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалав. Мөн эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.
Хүүхдийн мэргэшлийн салбар зөвлөлийн дарга, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Ш.Энхтөр, “Монгол Улс 2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг ханган биелүүлж, дэлхийн есөн орны нэг болсон. 1990 оныхтой харьцуулахад хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулсан нь томоохон амжилт байлаа. Гэсэн хэдий ч 2015 оноос хойш хүүхдийн эндэгдэл, эхийн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал хүссэн түвшинд хүртэл сайжрахгүй байна. Хүүхдийн эндэгдэл буурч байсан эерэг хандлага сүүлийн жилүүдэд саарч, гаднын хүчин зүйлсийн нөлөөгөөр зарим тохиолдолд өсөх хандлага ажиглагдаж байна. Монгол Улс 2030 онд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ олон улсад дүгнүүлнэ. Энэ хүрээнд 5 хүртэлх насны хүүхдийн болон нярайн эндэгдлийг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэж бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо 2016 онд УИХ-аар баталсан “Алсын хараа-2050” бодлогод тусгасан. Гэвч ойрын 2-3 жилд эдгээр зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд зарим үзүүлэлт санаа зовоох түвшинд байна. Бид 2030 он хүртэл нэлээд ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхий нийтээр “сэргийлж болох хүүхдийн эндэгдлийг тэглэх” зорилтыг дэвшүүлээд байгаа. Сэргийлж болох эндэгдэлд жирэмслэлт, төрөлтийн явцтай холбоотой хүндрэл, нярайд үүсэх өвчин эмгэг багтдаг. Эдгээр нь дангаараа 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын ойролцоогоор 50 хувийг эзэлж байна. Үүнээс гадна уушгины үрэвсэл, хатгалгаа, суулгалт, халдварт өвчнүүд, сүүлийн жилүүдэд Монгол Улсад нэмэгдэх хандлагатай байгаа осол гэмтэл ч багтана. Мөн 5-6 төрлийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах бүрэн боломж бий. Үүний тулд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүх нийтийн оролцоог хангах механизмыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал бүх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах боломжтой” хэмээн ярилаа.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, “Сүүлийн 5 жилийн байдлаар авч үзвэл төрөлтийн тоо буурч, ойролцоогоор 17-18 мянгаар багассан нь тодорхой хэмжээнд анхаарал татаж байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь ч тодорхой хэмжээгээр буурч байна. Өсвөр насныхны жирэмслэлтийн тоо буурахгүй хэвээр, ахимаг насны жирэмслэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотой хавсарсан эмгэгтэй, жирэмсний үед хүндрэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ өсөж байна.
Эхийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзвэл нийгэм, биологийн болон хувь хүнтэй холбоотой олон хүчин зүйлс байна. Үүнд эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн байгууллагад хандах хугацаа, хүндрэлээ танихгүйгээс хэт оройтож хандах зэрэг асуудлууд орно.
Бөөрний архаг үрэвсэл, элэгний дутагдал, зүрх судасны өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэн болсон тохиолдолд онцгой хяналтад байх шаардлагатай. Ийм үед эх барих, эмэгтэйчүүдийн болон зүрх судасны эмч нарын хамтарсан хяналт чухал. Жирэмсний явцад үүсэх хүндрэлүүд, хожуу үеийн даралт ихсэх, хавагнах, шээс ялгаралт буурах, бөөрний дутагдалд орох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсний хяналтад цаг тухайд нь тогтмол хамрагдах шаардлагатай. Алсалсан орон нутагт эх баригч болон баг, сумын эмч нар анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн ажилтны хүрэлцээ хангалтгүй байна” гэв.
НҮБ-ын Хүн амын Сангийн тэргүүн Др.Халид Шарифи, “Энэхүү хурлын зорилго нь эх баригч мэргэжилтнүүдийг хэрхэн чадавхжуулах, тэдний эх, гэр бүл болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг, оролцоог илүү өргөн хүрээнд авч үзэхэд чиглэж байна. Эх баригчдыг зохих түвшинд сургаж, чадавхжуулж чадвал тэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 90 гаруй хувийг бие даан үзүүлэх боломжтой. Эх баригчдын үзүүлж буй тусламж үйлчилгээ нь гэр бүлд хамгийн ойр, эмэгтэйчүүдэд хамгийн хүртээмжтэй хэлбэрийн үйлчилгээ гэж үздэг. Иймд энэ уулзалтын хүрээнд эх баригчдыг чадавхжуулах, тэднийг сургах, ажлаа үр дүнтэй хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа.
Эхийн эндэгдэл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд эхийн эндэгдэл буурч байгаа ба Монгол Улсад ч мөн сүүлийн 20 жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй байна.
Гэсэн хэдий ч тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал онцгой анхаарал татаж байна. Ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, тэр дундаа жирэмсний хяналт, төрсний дараах тусламж, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг эх баригчдаар дамжуулан өрхийн түвшинд хүргэх нь эхийн эндэгдлийг бууруулах чухал арга хэмжээ юм. Хэдийгээр эхийн эндэгдэл буурч байгаа ч Монгол Улсад тулгамдсан нэг асуудал нь өсвөр насныхны жирэмслэлт, төрөлтийн түвшин хэвээр байгаа явдал юм. Энэ нь цаашид эхийн эндэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүй тул анхаарал хандуулах шаардлагатай. Иймээс уг асуудалд чиглэсэн бодлого, хамтын шийдвэрийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээв.
Зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




