“Уул уурхайн нээлттэй өдөрлөг-2026”-г энэ сарын 1-2-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Өдөрлөгийн үеэр 602 сул ажлын байр санал болгож, 2403 иргэн анкет бөглөснөөс 258 нь шалгуур ханган бүртгэгдэж, 43 иргэн шууд ажилд орсон байна.
Өмнөговь аймаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн гол бүс нутгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус салбарт 20 аж ахуйн нэгж, тэдгээрийн 2000 гаруй туслан гүйцэтгэгч компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд орон нутгийн 7876 иргэнийг ажлын байраар хангаж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл