Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сонсов.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд энэ жил нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлтийг ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна гэв.

Мөн үүнээс салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад, энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ. Одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гараад байна. Үүнээс гарт олгогдсон нь 5.9 тэрбум төгрөг гэж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банкны удирдлагуудтай уулзаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж ажиллах, зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хяналтын гэрээ байгуулсан болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ил тод мэдээлэхээр болсон хэмээн танилцуулгад дурдсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина

Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” орчимд байрлах 141 дүгээр сургууль хоёр хичээлийн байртай …