Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад хүртээмжтэй цахим шилжилтийг ахиулах, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэхэд чухал ахиц гаргалаа.
Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон ФАРО Фаундэйшн ТББ хамтран хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) чадавхыг бэхжүүлэх замаар Монголын цахим шилжилтийг дэмжиж ажиллав.
Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн уг төсөл 65 гаруй ИНБ болон тэдгээрийн ажилтнуудад зайлшгүй шаардлагатай цахим ур чадварыг олгож, хөдөө орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, малчид, залуучууд зэрэг зорилтот бүлгүүдэд илүү үр дүнтэй хүрч ажиллажээ. Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх ИНБ-уудын санаачилгыг дэмжин, DICE төслийн хүрээнд бичил санхүүжилт олгож, эдгээр ИНБ-ууд Монгол Улсын хэмжээнд 1830 гаруй хүнд цахим бол, мэдлэгийг түгээж, цахим хуваагдалыг бууруулах, цахим хэрэгслийг аюулгүй, үр ашигтай ашиглахыг дэмжсэн байна.
Төсөл нь мөн ИНБ-уудыг бодлого боловсруулах, нөлөөллийн үйл явцад идэвхтэй оролцуулахыг зорьж, Монголын цахим экосистем дэх тэдний үүргийг бэхжүүлжээ. Тухайлбал, “Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал”-ыг боловсруулснаар төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулах санаачилгынсуурийг тавьж, үндэсний цахим шилжилтийн бодлогод ИНБ-уудын дуу хоолойг тусгах боломжийг бүрдүүлсэн байна.
“Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хэнийг ч орхигдуулах ёсгүй. Энэхүү төслөөр боловсруулсан “Цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглал” нь үндэсний энэ зорилгод үнэтэй хувь нэмэр оруулж байна” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч бөгөөд Нэгдүгээр нарийн бичгийн дарга Адриен Мург онцлов.
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн шинэлэг сургалтын хөтөлбөрүүдээр ИНБ-уудыг бодит хэрэглээнд суурилсан цахим хэрэгслүүд, кибер аюулгүй байдлын дадал, шинэ технологитой танилцуулж, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн ИНБ-уудын хэрэгжүүлсэн санаачилгуудын үр дүнд иргэд E-Mongolia зэрэг төрийн цахим үйлчилгээний платформуудыг бие даан ашиглах чадвараа дээшлүүлж, цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээллээ хамгаалах талаар мэдлэгээ сайжруулсан байна.
“Өнөөдөр бол төгсгөл биш, харин шилжилтийн үе юм. DICE төслийн хүрээнд бэжүүлсэн ур чадвар, хамтарсан сүлжээ, санаачилгууд одоо Монголын иргэний нийгмийн өмч болж байна. Энэ цаашид улам өргөжиж, тогтвортой үр нөлөө бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна” гэж Монгол Улс дахь “Пипл ин Нийд” ОУТББ-ын Суурин төлөөлөгч Тришиа Төрболд цохон тэмдэглэлээ.
DICE төсөл нь Монгол Улсыг “Цахим үндэстэн” болгох өргөн хүрээний зорилтыг дэмжин, цахим боловсрол, хүртээмж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хүчин чармайлтад хувь нэмэр орууллаа. ИНБ-уудыг иргэд болон төрийн байгууллагуудын хоорондын гүүр болгон чадавхжуулснаар тус төсөл нь цаашдын тогтвортой цахим хүртээмж болон оролцоонд суурилсан засаглалыг хөгжүүлэх бат бөх суурийг бүрдүүлсэн юм.
“Пипл ин Нийд” байгууллагын тухай:
“Пипл ин Нийд” байгууллага 2011 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулсан. Тус байгууллага нь уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой зах зээлийг дэмжих, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийг чадавхжуулах чиглэлээр 18 аймагт нийт 17 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл






