Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Зөвшөөрлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Б.Заяабал нараас 2025 оны 12 дугаар сарын 17-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн юм. Улмаар УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн дэд ахлагчаар Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүдэд Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа нарын нэр бүхий 21 гишүүн ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар тусгажээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой болгон хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгохоор, тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, холбогдох санал хүсэлт, судалгааг боловсруулан ажиллаж байгааг танилцуулав. Энэ хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг таван удаа зохион байгуулжээ. Түүнчлэн ажлын хэсэг нэмж зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар танилцуулгын үеэр дурдлаа.

Ажлын хэсэг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан төлөвлөгөө, цагалбар, хурлын хуваарийг баталсан бөгөөд үүний дагуу өнгөрсөн 1, 2 сард зөвшөөрлийн чиглэл тус бүрийн оролцогч буюу иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдтэй 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох саналыг нь авчээ.

Мөн хуулиар зөвшөөрөл олгох эрх авсан байгууллагын төлөөлөлтэй олгож буй зөвшөөрөл тус бүрийн онцлог, хууль, журмаар тавигдаж буй шаардлага, зөвшөөрлийн үйл ажиллагааны процесс, цахимжуулалт, зөвшөөрлийн талаарх нээлттэй ил тод, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэдэг эсэх асуудлаар 2026 оны гуравдугаар сарын 2-25-нд хуралдсан байна. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулж буй харилцаа, салбар хуулиар зохицуулж буй харилцаа болон өргөн мэдүүлсэн төсөл, иргэн, аж ахуй нэгж байгууллага, холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлж буй санал, олон улсын харьцуулсан судалгаа, бусад шаардлагатай лавлагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга хуулийн төслийг сайжруулахтай холбоотой саналаа хэлж, ажлын хэсгийн гишүүдийн дурдсанчлан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаагүй заалтыг нэмж тусгах эрх боломж хуулиар хязгаарлагдмал учраас ажлын хэсгийг ажлаа шуурхайлах үүднээс гарц шийдэл олж ажиллахыг үүрэг чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 6-нд болсон ээлжит хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт …