Нийслэлийн Бизнес, инновацын газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор ШУТИС-ийн эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд талууд санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр “Бид цаашдаа эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээр онцгой анхаарч ажиллана. Нийгэмд тулгамдаж буй, эргэлзээ төрүүлж буй асуудлуудад эрдэмтэн судлаачдын дуу хоолой маш чухал байдаг. Нийслэлээс гарч буй бодлого шийдвэр оновчтой байхын тулд эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн төсөл хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар “Бид нийслэлд 20 төслийн санал хүргүүлсэн. Өнөөдөр тулгамдаж буй зургаан асуудлын хүрээнд төслийн танилцуулгаа хийж, хэлэлцүүллээ. Аливаа асуудлыг шинжлэх ухаанд суурилан шийдвэрлэж, дараа дараагийн ажлуудад НЗДТГ-тай хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.
ШУТИС-ийн доктор, профессорууд дараах төслүүдийг танилцууллаа. Үүнд:
- “Хотын ногоон байгууламжийн усалгааны шинэ технологи төсөл
- “Халиа тошин үүсдэг газруудыг усан сан бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох” төсөл
- “Зоорийн давхар нь усан автдаг барилгуудын газрын доорх усны судалгаа, арилгах арга загварчлал” төсөл
- “Смарт чип” төсөл
- “Гудамж талбайн дагтаршсан цас, мөс цэвэрлэх төхөөрөмжийн хийц” төсөл
- “Алслагдсан салбар байгууллагуудыг, төв байгууллагатай кибер аюулгүй байдлыг хангасан хамгаалагдсан сүлжээгээр холбох” төсөл





Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл