Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг олгохын чухлыг онцлов

Манай улсын санхүүгийн зах зээлд даатгалын үйлчилгээ дөнгөж 4-5 хувийг эзэлж байгаа нь эрүүл бус үзэгдэл хэмээн даатгалын салбарынхан дүгнэж байна.

Тэдний үзэж буйгаар даатгалын салбарт хөрөнгө оруулалт татахад бодлогын дэмжлэг хэрэгтэй, татварын ялгаваргүй орчинг бий болгох шаардлагатайгаас гадна иргэдэд санхүүгийн боловсрол, мэдлэг олгох нь даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд хамгийн тустай зүйл гэв.

УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан “Даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Даатгалын хууль тогтоомжийг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлгийг  өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, нөхөн төлбөр олголт, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд санал, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан тус ажлын хэсгээс  энэ удаа даатгалын үйл ажиллагаа эрхлэгч, даатгагч, даатгуулагчид, Санхүүгийн зохицуулах хороо, компаниудын төлөөллийг урьж ирүүлэн бодит амьдралд тулгамддаг асуудлыг хэлэлцүүллээ. Зөв гольдролоороо хөгжсөн бол бизнес эрхлэгчдэд төдийгүй иргэдийг бүх талын эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах найдвартай баталгаа болох даатгалын тогтолцоо манай улсын хувьд дарамт, нэмэлт зардал болж хувирсан хэмээн даатгуулагчид онцолж байв.

Бизнес эрхлэгчид нөхөн төлбөрөө олж авч чаддаггүй, хугацаа алддаг, үнэлгээг санаатай бууруулах зэргээр хохирдог, даатгалын үйлчилгээнд итгэх итгэл үнэмшил бага, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж зах зээлийн бодит хэрэгцээ, цахим шилжилт, бизнесийн шинэ тутам эрсдэлд зохицуулалт болж чадахгүйд хүрсэн талаар хөндлөө.

Мөн даатгагчид даатгалын маргааны тоо ихэссэнтэй санал нийлэхгүй, даатгалын талаарх иргэдийн боловсрол тааруу, гэрээний нөхцөлтэйгээ танилцдаггүй, нөхөн төлбөрийн нэгдсэн цахим сан байдаггүй нь хүндрэл учруулдаг гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

​Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан …