СОР17-г угтаж агентлагууд санаачилгатай ажиллах шаардлагатайг онцлов

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд ус, ой, газрын доройтол, нөхөн сэргээлттэй холбоотой санаачилга, төслийг олон улсын хамтын ажиллагаатай холбож, оролцоог нэмэх боломжийг ашиглахад агентлагууд санаачлагатай ажиллах шаардлагатайг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцолжээ.

Тэрбээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр нарын хамт Ойн газар, Усны газар болон Туул голын сав газрын захиргааны төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр агентлагуудын удирдлагууд ус, ойн нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хүний нөөц, техник хэрэгсэл, олон улсын хамтын ажиллагаа, салбарын өмнө тулгамдаж буй асуудлаа танилцуулжээ. Үүний дараа сайд Ц.Сандаг-Очир хүний нөөц, бодлого хэрэгжилт, хууль эрх зүйн шинэчлэлд анхаарах хэрэгтэй байгааг дурдсаныг БОУАӨЯ мэдээллээ.

Сайд ярихдаа, “Салбарын хамгийн чухал үнэт зүйл бол мэргэжлийн боловсон хүчин учир албан хаагчдын санал хүсэлт, ажиллах орчин, нийгмийн асуудал, цалин хөлсний нөхцөл байдалд анхаарах нь чухал. Салбарын хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, мэргэшүүлэх, ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй. Ус, ой бол зөвхөн байгалийн нөөц бус, улс орны тогтвортой хөгжил, экологийн тэнцвэр, иргэдийн эрүүл, аюулгүй орчинтой холбоотой тул хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Бодлого тодорхой, үйл ажиллагаа ил тод, ойлгомжтой байх ёстой” гэжээ.

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр, Усны тухай хуулийн шинэчлэлийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүнд хуулийн ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллах шаардлагатайг ч мөн тодотгосон байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Даатгалын зах зээлийг тэлэхийн тулд иргэдэд санхүүгийн мэдлэг олгохын чухлыг онцлов

Манай улсын санхүүгийн зах зээлд даатгалын үйлчилгээ дөнгөж 4-5 хувийг эзэлж байгаа нь эрүүл бус …