ЦХИХХЯ Цагдаагийн ерөнхий газар, ХХЗХ, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” нэг сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд цахим залилангийн арга, хэлбэрүүдийг сэрэмжлүүлэх зорилгоор олон нийтэд таниулах, зөвлөх, иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх зэрэг сурталчилгаа хийнэ. Ингэснээр иргэд цахим залилангийн гэмт хэргийн тухай ойлголт, мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх юм.
ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран “Олон улсын байгууллага, түнш орнуудтай кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, туршлага солилцон, хүний нөөцийг чадавхжуулахад анхаардаг. Тухайлбал, Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” хэрэгжүүлж, цахим хэрэглээ, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээжлүүлж, цахим залилангаас урьдчилан сэргийлж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг судалгаа бий. Иймд тэдний цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө, гэр бүлээ хамгаалах сургалт, сурталчилгаа хийж байна” хэмээв.
Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

