Монгол, Хятадын залуу судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой “Хятад-Монголын залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцооны арга хэмжээ” БНХАУ-ын Жилин их сургуульд боллоо.
Тус арга хэмжээнд Боловсролын ерөнхий газар, Шинжлэх Ухааны Академи, Удирдлагын Академи, Архивын ерөнхий газар, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн залуу эрдэмтэн судлаач, оюутнууд оролцож, хоёр удаагийн хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Оролцогчид “Бүс нутаг, улс орны судлалын өнцгөөс Монгол-Хятадын соёлын харилцан ойлголцол ба орчин үеийн залуучуудын солилцоо” сэдвийн хүрээнд Хятад-Монголын харилцааны хөгжил, соёлын ялгаа, боловсролын хамтын ажиллагаа, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан олон хэлний боловсрол зэрэг агуулгаар санал солилцож, хэлэлцүүлэг явууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Ринчинноров “Монгол-Хятадын харилцаа: Өндөр түвшний айлчлал ба гэрэл зураг”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөр “Монголчууд Хятадын уламжлалт соёлыг хэрхэн ойлгож, өөриймшүүлсэн бэ?-Худалдааны нэр томьёо ба хоолны соёлын жишээн дээр”, ШУТИС-ийн оюутан Б.Буяннэмэх “Залуучуудын соёлын хамтын ажиллагааны шинэ механизмыг бүрдүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулав. Хятадын талаас Шанхайн зам тээврийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн туслах судлаач, постдоктор Хуанын Тунгалаг БНХАУ-ын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн “Дөрвөн том санаачилга”-ын үзэл санаа, агуулгын талаар танилцуулжээ.
Түүнчлэн “Монгол-Хятадын залуучуудын гүүр-Соёлоор харилцан суралцаж, ирээдүйг хамтдаа бүтээе” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, доктор Ц.Ариунаа “Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын боломж” сэдвээр илтгэл танилцууллаа.
БНХАУ-ын Жилин их сургуулийн Зүүн хойд Азийн судлалын төвийн дэд захирал, профессор Ба Дяньжюнь, профессор Ба Дяньжюнь нар тус арга хэмжээг дүгнэж хэлэхдээ, залуучууд бол Монгол, Хятадын найрамдалт харилцааг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг дурдаж, хоёр улсын залуучуудын эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын солилцоог өргөжүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэв.
Энэхүү арга хэмжээ нь хоёр орны залуучууд харилцан туршлага солилцох, бие биеэ илүү танин мэдэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг хэлэлцэх үр дүнтэй талбар болсныг оролцогчид онцолж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



