Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Герман, Швейцар, Швед, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Улаанбаатар хотноо энэ сарын 4-5-нд зохион байгуулах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Үүнд, БНХАУ-ын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Лю Шяомин, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал бөгөөд Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан дарга, Элчин сайд Иоахим Бертеле, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн газрын захирал Маркус Лейтнер, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн асуудлаарх Тусгай элч, Элчин сайд Петер Семнеби нарыг тус тус хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцож буй төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлого, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь бодлого, үйл ажиллагаа болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд 30 улс, олон улсын байгууллага, дотоодын эрдэмтэн судлаач зэрэг нийт 250 төлөөлөгч оролцож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй …