Улсын онцгой комиссын энэ оны эхний хуралдаан өчигдөр болж, Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын тушаалыг хэрэгжүүлэх, цаг үеийн болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийг хэлэлцлээ.
Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд хийж буй хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлт, “Стандарт, хэмжил зүй, тохирлын үнэлгээний тухай хууль”, “Гамшгийн тухай хууль”-ийн үзэл баримтлал, мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлыг хэлэлцэж, зарим шийдвэр гаргав.
Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний хэмжээнд стандартыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, ялангуяа, яамдын оролцоо чухлыг дурдаад, улсын нөөцийн тогтолцоог шинэчлэх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхай бүхий орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатайг тэмдэглэсэн байна. Түүнчлэн төр иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хариуцах ёстой тул УОК эрсдэлийг урьдчилан тооцож, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байж ажиллах шаардлагатайг онцлов.
Тус хуралдаанаар мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчний нөхцөл байдлыг дүгнэж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан бэлэн байх, шаардлагатай тохиолдолд устгах ажлыг шуурхайлах, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдэл, усны ослоос сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол, шуурхай хүргэх, шаардлагатай нөхцөлд аймаг, сумдын Онцгой комиссыг дэмжин, хүн хүч, техник хэрэгслийг тухай бүр дайчлах, үер, усны осол, байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, УОК гамшгийн эрсдэлийг багасгах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангахад бусад байгууллагатай шуурхай хамтарч ажиллахыг даалгажээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл