Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” уриа дор санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн биржүүд, биржийн бус зах зээлийн төлөөлөл нэгэн талбарт хуран цуглаж, зах зээлийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хөгжлийн бэлгэдэл болсон цан цохих ёслол болов. Үүнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Чингис хаан” хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Г.Дашзэвгэ, “Улаанбаатар үнэт цаасны бирж”-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны дэргэдэх биржийн бус зах зээлийн Бүртгэлийн хорооны дарга Б.Аюуш нар оролцлоо.
Санхүүгийн зохицуулах хороо нь энэ өдөрлөгийг “Өнгөрсөн 20 жилийн итгэлцэл, өнөөдрийн хамтын ажиллагаа, маргаашийн хөгжлийн зураглал” хэмээн тодотгож байна. Өдөрлөгөөр санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, салбарын үйл ажиллагааны онцлог, бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулан сурталчлах, оролцоог нэмэх чиглэлээр зөвлөгөө өгч байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК гэхэд хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, компанийн бонд зэрэг бүтээгдэхүүн, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох, үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт татах тухай, мөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн тухай мэдээлэл хүргэж байна. Түүнчлэн зах зээлийн оролцогч байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулалтын зөвлөхүүдээс үнэт цаасны данс нээх, санхүүгийн залилан, эрсдэлээс хэрхэн сэргийлэх мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
