Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын хөрөнгө оруулалтын банкны ахлах ажилтан Жан Филип Стийнс, ойн мэргэжилтэн Александр Хорст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Европын Холбооны “Global Gateway” стратегийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны явц, төслийн удирдлага болон үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг танилцуулсан байна.
Европын хөрөнгө оруулалтын банкнаас энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд Монгол Улсын ойн салбарын тогтвортой хөгжил, менежментийг дэмжихийн зэрэгцээ салбарт шаардлагатай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх чиглэлийг санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахаар төлөвлөж буйгаа онцоллоо. Иймд Боловсролын яамны бодлого, байр суурь төслийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир салбарт суралцах, бэлтгэгдэх суралцагчдын тоог нэмэгдүүлэх, зарим хөтөлбөрийг сэргээх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дадлагын бааз бий болгон хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих замаар хосмог сургалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр бүрэлдэхүүн хэсэгт тусгаж, уг төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл