ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.18/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 09 цаг 43 минутад 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлсэн./дэлгэрэнгүйг эндээс/

Иймд хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажлын хэсгээс бэлтгэсэн “төслийн 2 дугаар зүйлийг хасах” нэг саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Засгийн газар болон Улсын Их хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг санал чуулганы нэгдсэн хуралдаанаар хураагдсан хэдий ч ажлын хэсгээс найруулгын өөрчлөлт оруулж байгааг мэдэгдээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3.-т заасны дагуу санал хураалгах талаар горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжив.

Иймд ажлын хэсгээс бэлтгэсэн хоёр саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 22.1.11 дэх заалтын “албан татвар төлөгчийн” гэснийг “иргэний” гэж, “аялал жуулчлалын бүс гэснийг “улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд баригдсанаас бусад” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

​ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …