Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

​

Сэргээгдэх эрчим хүчний төслийн шалгаруулалт, үнийн дуудлага худалдаа буюу Монгол Улсын эрчим хүчний салбарын анхны аукционыг 2026 оны зургадугаар сарын 18-нд зохион байгууллаа.

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол баталж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Төсөлд 100 гаруй компани сонирхлоо илэрхийлснээс 19 компани сонгон шалгаруулалтад оролцлоо.

​

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хэрэгжих 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд “Ар Жей И Монголиа” ХХК болон “Runxin Capital Holdings” Co.,Ltd” компанийн түншлэл 7.8 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн аукционд “Монхорус Интернэшнл” компани, 5.75 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем аукционд “Смарт найчурал энержи” компани, 4.85 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

​

Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд “Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD” компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн аукционд  “Алхана трэйд” компани, 6.65 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Шалгарсан компаниудтай энэ сард гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Энэ онд багтааж нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

​

​

​

Эх сурвалж: mongolia.gov.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …