Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 50.8 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёрхон батлах тухай хуулийн төслийг (Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 81 дүгээр конвенц) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг (Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 129 дүгээр конвенц) Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд, Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хуваариллаа.

Хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 88.9 хувь нь дэмжлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь тус тус дэмжсэн.

Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь тус тус дэмжсэн юм.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул /дэлгэрэнгүйг эндээс/ өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/

Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “цэргийн” гэсний дараа “албаны офицер, ахлагч” гэж нэмэх, төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй  саналуудаар санал хураав. Тодруулбал, төсөлд “Хүүхэд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг” гэсэн агуулгатай 49 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжлээ. Уг зүйлд “Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй, эсхүл байнгын асаргаа шаардлагатай, эсхүл өндөр насны улмаас өөрийгөө тэжээн тэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Хоёр, түүнээс дээш хүүхэдтэй бол эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргийг тухайн хүүхдүүд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. Энэ хуулийн 49.2-т заасны дагуу хүүхдүүд нь тохиролцож чадаагүй бол эцэг, эхийн, эсхүл хүүхдүүдийн хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүүхэд тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно.” гэж тусгасан байлаа.

Түүнчлэн төсөлд “Төрөл, садангийн хүмүүсийн тэжээн тэтгэх үүрэг” гэсэн агуулгатай 50 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Тиймээс төсөлд “Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэжээн тэтгэх үүрэгтэй төрөл, садангийн хүн хоёр, түүнээс дээш байвал тэжээн тэтгэх үүргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хүн тус бүрийн үүргийг тодорхойлон хэрэгжүүлж болно. Төрөл, садангийн хүмүүс тохиролцож чадаагүй бол тухайн хүний, эсхүл төрөл, садангийн хүний хэн нэгний нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх хүн тус бүрийн хөрөнгө, орлого, хөдөлмөрийн чадвар болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэжээн тэтгэх үүргийн оролцоог тодорхойлон шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай зүйл нэмэгдлээ.

Мөн ажлын хэсгээс төслийн зарим санал болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудад гүйцээн боловсруулах чиглэл авсан. Эцэст нь хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 529 дүгээр захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Ж.Алдаржавхлан, О.Алтангэрэл, Ч.Анар, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, А.Ганбаатар, Г.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Жаргалан, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Пунсалмаа, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Х.Энхнасан, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан гэдгийг тэрбээр онцлов.

Мөн  ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслийн талаар гаргасан нийт 81 зарчмын зөрүүтэй санал, найруулгын нэг саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураах үед 71 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Ц.Баатархүү, Б.Уянга, М.Бадамсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд төрийн болон орон нутгийн өмчит компаниудад мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийдгийг иргэд, олон нийт шүүмжилж байгааг дурдаад компаниудын засаглалыг сайжруулахад төсөлд холбогдох зохицуулалтыг хэрхэн тусгасныг, мөн үйл ажиллагааны тухайд төлөвлөгөөт шалгалт, аудит орж буй эсэх талаар илүүтэй тодруулсан.

Хуулийн төсөлд төрийн өмчит компанийн удирдлага зохион байгуулалт, засаглалын талаар нэлээн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, компанид тавигддаг засаглалын нийтлэг шаардлагуудыг төрийн өмчит компаниудад хуульчлахаар оруулсан хэмээн ажлын хэсгээс хариулав. Мөн улс төрөөс хараат бус байх шаардлагыг нэн тэргүүнд тавин гүйцэтгэх удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд дэлгэрэнгүй тусгасан гэлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Засгийн хуралдааны шийдвэрээр гарсан төрийн өмчит компаниудад аудит хийж, бүх мэдээллийг Шилэн дансанд болон ил тод байдлын тайлангуудад оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Мөн гишүүд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын худалдан авалтыг ямар зохицуулалтаар ил тод болгож буй талаар болон худалдан авалтын гэрээг нууцалдаг байдлыг зогсоох эсэх, Төрийн хэмнэлтийн хуулиар орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулахыг хязгаарласан ч энэ тоо 275-д хүрсэн шалтгааныг лавласан.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг  төрийн өмчийн компаниудын ил тод байдлын асуудлуудыг бүхий л түвшинд ярьж байгаа бөгөөд компанийн тайлан, мэдээлэл нууцад хамааруулснаас бусад мэдээллийг төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн бүхий л байгууллагуудад хүртээмжтэй, ил тод байх ёстой гэсэн зарчмын агуулгуудыг төсөлд бүрэн тусгасан гэж хариулж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал энэ хуулийн төслийг батлан гаргах зайлшгүй шаардлагын тухайд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй, тэдгээрийн захирлууд, бүтээмжийн менежерүүд бүгдээрээ ардаа хамгаалалттай учраас зовлон болж байна гэв. Иймд энэ хуулийн төслийг баталж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэж байлаа.

Түүнчлэн хууль батлагдвал Төлөөлөн удирдах зөвлөл хараат бус болно. Төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулахын тулд мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол нэг улстөрчийн хүнийг нөгөөгөөр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Мөн хууль батлагдсанаар орон нутгийн өмчит компани байгуулах асуудал  багасна хэмээн Ерөнхий сайд хариулж байлаа.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 83 саналын санал хураалтыг 16 цагт явуулахаар болов.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нар тус тус танилцуулсан.

Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг өдөр тутмын харилцаанд хэрэгжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготой гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хувийн хэвшлийн хөгжлийн үндэс нь эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхийн баталгаа, гэрээний тогтвортой байдал, шударга өрсөлдөөн тул хүний эдийн засгийн суурь эрх, эрх чөлөөг хамгаалах, төрөөс эдийн засгийг зохицуулах үйл ажиллагааны зорилго, хэлбэр, хязгаарыг тодорхой болгох, эдийн засгийн харилцаанд эрх зүйн тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх, төр болон хувийн хэвшлийн харилцаанд хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэх зорилгод Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг чиглүүлсэн байна.

Хуулийн төсөл нь эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийн бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоосны зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, улмаар талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний эрх чөлөөг төр хүндэтгэх бөгөөд түүний биелэлтийг шударга, хараат бус шүүхээр хамгаалах баталгааг бий болгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн төдийгүй энэхүү хуульд заасан эдийн засгийн суурь эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан нийтийн эрх ашгийн үүднээс, зөвхөн хуулиар, зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг тодорхойлсон хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Харин Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2026 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар санал, дүгнэлтэд дурдсан байв.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг үдээс хойш 16 цагт явуулахаар боллоо. Хуралдаан үргэлжилж байна

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 4 …