“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай.

Энэхүү BRT системийг Ард Аюушийн өргөн чөлөө–Их тойруу–Намьянжүгийн гудамж–Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай, 19 буудал бүхий коридор дагуу төлөвлөж байна. Төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-д тусган, Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлийн хурлаар 2025 оны есдүгээр сард хэлэлцэн дэмжсэн. Мөн төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Азийн хөгжлийн банкны журмын дагуу зарласан юм.

Эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороод хуралдан богино жагсаалт гаргаж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Төслийн урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаар нарийвчилсан төлөвлөлтийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох баримт бичгийг Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу батлуулж, хянуулсны дараа хэрэгжүүлж эхэлнэ.

BRT системийн нэг онцлог нь автобусны шал болон буудлын тавцан ижил түвшинд байх шийдэл юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй иргэд автобусанд саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.

Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, хүртээмж эрс сайжирч, тухайн чиглэлийн автобусны хөдөлгөөний хурд өнөөгийн түвшнээс 4-5 дахин нэмэгдэн, дундаж хурд нь 20-25 км/цагт хүрэх тооцоо гарсан байна. Энэ нь зорчих хугацааг богиносгож, иргэдийн ая тухтай, найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нараас …