Та хэзээ нэгэн цагт агаар худалдаж авна гэж төсөөлж байв уу? Тэгвэл аль хэдий нь агаарыг лаазлаж худалдаалаад эхэлсэн байна. Тодруулбал, Францын нэгэн их сургуулийн 22 настай оюутан Антуан Диблэй гэгч “Монкюк хотын агаар” хэмээх лаазласан агаарыг худалдаж эхэлжээ.
Нэг лааз агаар 5,5 евро буюу 7,5 ам.долларын үнэтэй бөгөөд тэрээр онлайнаар лаазласан агаарын захиалгаа авдаг юм байна. Тэрээр энэхүү агаарынхаа сурталчилгааг “Францын буйдхан Монкюк хотын 100 хувь байгалийн гаралтай цэнгэг агаарыг мэдэрнэ үү. Монкюкын агаар нь таны тархийг сэргээж, шинэ санаа төрүүлэх болно. Саван доторхийг нэг л удаа ашиглах тул онгорхой орхиж болохгүй” хэмээн анхааруулжээ.
Сонирхуулахад, Монкюк хотын нэрийг “Мон кю” гэж дуудвал “Миний өгзөг” гэсэн утга илэрхийлдэг байна. Тиймээс хүмүүс агаарыг унгас болгон хошигнож ойр дотныхоондоо лаазласан агаарыг бэлэглэх явдал ихэссэн ажээ.
Мөн 2012 онд агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрээд буй БНХАУ-ын тэрбумтан бизнесмэн Чиен Гуангбиао гэгч өөрийн нэрийн лаазласан агаарыг худалдаанд гаргаж байжээ. Тэрээр “Чиен Гуангбиао-Сайхан залуу” хэмээх нэртэй цэвэр агаараа хөдөө тосгоноос савлан нэг бүрийг нь 0,8 ам.доллараар зарж байжээ.