“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Төрийн ордонд болно. Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцох ажээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байр сууриа илэрхийлнэ.

“Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац”, “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэн судлаачид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар ардчилал ба иргэдийн оролцооны асуудлыг дэвшүүлж, БНСУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк, АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш нарын оролцоотойгоор хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн хиймэл оюун ухаан, технологийн хөгжил, хүртээмжтэй инновац, чухал ашигт малтмал, уул уурхай, ногоон технологийн асуудал болон эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалтын чиглэлээр олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийн талаар академик салбарын төлөөллүүд болон төр, хувийн хэвшлийнхэн оролцож санал бодлоо илэрхийлэх юм.

Өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулагдсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулган жендэрийн эрх тэгш байдал, энх тайван ба шударга ёс, тогтвортой институци, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж, хамтын ажиллагааны олон санаачилгыг дэвшүүлсэн юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” чуулган нь улс орнууд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хөгжил, аюулгүй байдал, сайн засаглалын асуудлаар хамтарсан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг чухалчилж байна хэмээн.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

БШУДХ: Шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдсан асуудал, бодлогын шийдлийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа

​Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо өнөөдөр (2026.06.25) хуралдлаа. Хуралдааныг Дэд …