Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Зайвсгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, дэд хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. (дэлгэрэнгүй мэдээллийг эндээс)

Тэрбээр Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн, тогтоолын төслийг баталж өгөхийг хүслээ.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 18,987,977.9 сая /арван найман их наяд есөн зуун наян долоон тэрбум есөн зуун далан долоон сая есөн зуун мянга/ төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 20,414,286.0 сая /хорин их наяд дөрвөн зуун арван дөрвөн тэрбум хоёр зуун наян зургаан сая/ төгрөгөөр батлахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Ө.Шижир, Я.Батсуурь, Д.Ганбат, М.Мандхай, Г.Очирбат, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд төсөв нь бодлогын хэрэгсэл тул шинээр төлөвлөсөн үйл ажиллгааны 37.8 хувь нь хөгжлийн бодлоготой уялдаагүй, барилга байгууламжийн төсөл арга хэмжээний 50 хувь нь зураг төсөлгүй, эдийн засгийн үр ашгийн тооцооллыг 37 хувьд нь хийгээгүй гэх зэрэг асуудалд хариуцлага тооцсон эсэх, цаашид эдгээр зөрчлийг гаргахаас сэргийлж үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд хариулт өглөө.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, нийслэлийн агентлагийн дарга нар өөрсдөдөө давуу байдал олгож урамшуулал авсан асуудалд холбогдох шалгалтыг хийн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт явуулж буй бодлогын гүйцэтгэл дутуу гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулж хариулт авсан.

Түүнчлэн төсвийн зарцуулалт нь 50 хувьд ч хүрээгүй атлаа гүйцэтгэл нь зорилтод түвшиндээ хүрсэн гэж тайлагнасныг шүүмжилж, Улсын Их Хурлаас төсөв баталж Засгийн газар нь тайлагнасан болж өнгөрдөг энэ асуудлыг онцгойлон анхаарч, ажил хэрэгч байдлаар хэлэлцдэг болох, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар явуулах санал хураалтыг 17 цагт хийхээр болов.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын …