Жил бүр давтагдах хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Өчигдөр шөнө орсон аадар борооны дараа нийслэлийн 13 дугаар хорооллын зарим хэсэг дахин үерт автлаа. Зам талбай тэр чигтээ усанд автаж, автомашинуудын дугуй төдийгүй заримынх нь тал хүртэл усанд автсан дүр зураг иргэдийн цахим хуудсаар өргөн тархав.

Байрныхаа гадна, зориулалтын зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд хэдэн сая төгрөгийн хохирол амссан ч энэ хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй хэвээр байна. Ийм нөхцөл байдал зөвхөн энэ жил тохиолдож буй хэрэг биш. Өмнөх жилүүдэд ч мөн адил хүчтэй бороо орох бүрт ижил газрууд үерт автсаар ирсэн бөгөөд хохирсон иргэдийн асуудал тодорхой шийдэгдээгүй өнгөрсөн.

Зун бүр бороо ордог нь шинэ үзэгдэл биш. Гэвч жил бүр давтагддаг эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээ яагаад хангалтгүй хэвээр байна вэ гэсэн асуулт иргэдийн дунд дахин хөндөгдөж байна. Ус зайлуулах шугам, шуудуу, инженерийн байгууламжийн хүчин чадал хүрэлцэж байгаа эсэх, тэдгээрийг тогтмол цэвэрлэж, өргөтгөж байгаа эсэхэд ч эргэлзэх хүн цөөнгүй.

Хотын тулгамдсан асуудлууд зөвхөн үерээр хязгаарлагдахгүй. Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхүүдийг аюулгүй бүсэд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажил удаашралтай, зуны улиралд улиасны хөвөн агаарт дэгдэж, өвөл халтиргаа гулгаа, утааны асуудал, шатахууны дараалал, эвдэрч цөмөрсөн зам, борооны дараах тогтоол ус зэрэг асуудал жил бүр давтагддаг.

Мөн явган хүний замаар аюулгүй зорчих нөхцөл ч хангалтгүй хэвээр байна. Нэг талдаа түрээсийн цахилгаан дугуй, скүүтер эмх замбараагүй байршуулснаас хөдөлгөөнд саад учруулж, нөгөө талдаа борооны дараах тогтоол ус явган зорчигчдыг замгүй болгодог. Хотын инженерийн дэд бүтэц иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангаж чадаж байна уу гэсэн асуулт эндээс урган гарч байна.

Өндөр хөгжилтэй олон хотууд борооны усыг хуримтлуулж дахин ашиглах, ус шингээдэг зам талбай байгуулах, үерийн ус зайлуулах томоохон системийг тасралтгүй шинэчилснээр эрсдэлээ бууруулдаг. Харин манайд аадар бороо орох бүрт гэр хорооллын модон жорлон үерт автаж, бохир орчин руу тархах эрсдэл үүсэж, зам талбай усанд автан, автомашин эвдэрч, иргэд хохирсоор байна.

Нөгөөтэйгүүр, нийслэл жил бүр их хэмжээний хөрөнгөөр зам засвар, тохижилтын ажил хийдэг ч үр дүн нь иргэдийн амьдрал дээр бодитоор мэдрэгдэж байна уу гэсэн шүүмжлэл тасардаггүй. Бороо ороход л усанд автдаг зам, жил бүр ижил газартаа үүсдэг үер, шийдэгдээгүй инженерийн асуудлууд нь төлөвлөлт, хяналт, хөрөнгө оруулалтын үр ашигт эргэлзээ төрүүлж байна.

“Мега хот”, “мега төсөл” гэх томоохон зорилтуудын талаар ярьж буй энэ үед нийслэл хамгийн түрүүнд жил бүр давтагддаг энгийн атлаа иргэдийн амьдралд хамгийн их нөлөөлдөг асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай байгааг өнгөрсөн шөнийн бороо дахин санууллаа.

Учир нь иргэдийн хувьд бороо орсны дараа машин нь үерт автахгүй байх, гэрээсээ ажил хүртэл тогтоол ус туучилгүй алхах, явган хүний замаа аюулгүй ашиглах нь “мега төсөл”-өөс дутахгүй чухал асуудал болоод байна.

Х.Э

Санал болгох мэдээ

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо …