Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна

Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа.

Тус хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль нь шинэ стандартын дагуу баригдаж буй анхны томоохон сургуулиудын нэг юм. Нийт 11 мянган ам метр талбай бүхий тус сургууль нь хоёр спорт заал, урлагийн заалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор сургууль болж ашиглалтад орох юм.

Барилгын ажил 2025 онд эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөний дагуу 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Гэвч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийгдэж, санхүүжилтийн үйл явц удааширсантай холбоотойгоор тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг 2026 оны аравдугаар сарын 15 хүртэл хойшлуулахаар болжээ. Харин сургалтын үйл ажиллагааг 2026 оны арван нэгдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Хуягт Харш” ХХК-ийн ерөнхий инженер А.Мягмардоржийн мэдээлснээр, гүйцэтгэлийн санхүүжилт удааширч байгаа нь барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад хүндрэл учруулж байгаа аж. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани барилгын ажлыг чанарын шаардлагад бүрэн нийцүүлэн, шинэчилсэн хуваарийн дагуу хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгааг онцоллоо.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

МЭДЭГДЭЛ

Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нийслэлээс дуудлага худалдаагаар  “Эхлэл брэнд” ХХК-д худалдан борлуулсан газар болон тухайн …