COP17-ын Ногоон бүсэд нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэлээс таван байршилд үйл ажиллагаа зохион байгуулж, Улаанбаатар хотын ногоон хөгжил, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Энэ удаагийн COP17-д 197 орны 12,300 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд НҮБ-д бүртгэлтэй улс орнуудын төр, засгийн төлөөлөгчдийн өндөр түвшний уулзалт энэ сарын 24-нөөс эхэлнэ. Мөн хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай 110 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Нийслэлээс түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй, ногоон хотыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.

Тухайлбал Улаанбаатар хотыг тэлэх хүрээнд дагуул хот, тусгай бүсийн төлөвлөлт, нийтийн тээвэр, авто замын өргөтгөл, агаарын бохирдлыг бууруулах цогц төслүүдийг танилцуулж байна. Мөн ногоон эрчим хүч, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агропаркийн төслийн талаар мэдээлэл өгчээ.

Ногоон дата төвийн төсөлд 2 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах хүлээлттэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлсэн байна. Тэрээр “COP17 бол Улаанбаатар хотын ногоон хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чухал боломж” гэдгийг онцолжээ.

 COP17-ын хүрээнд зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар 1,740 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бол 17 чиглэлд 100 автобус үйлчилж байна.

Ногоон бүс бүх хүнд нээлттэй. Иргэд иргэний үнэмлэхтэйгээ очиж, COP17-ын үеэр зохион байгуулагдаж буй уулзалт, арга хэмжээ, танилцуулгатай танилцах боломжтой юм.

Н. Энхтуул

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …