Шинжлэх Ухааны Академийн Хими, хими-технологийн хүрээлэнгээс утаагүй түлшний загвар үйлдвэр барьсан тухай уулзалтын үеэр Доктор, Профессор Д.Батсүрэн хэллээ. Энэ үйлдвэрийн хийж буй утаагүй түлш нь нүүрснээс дутахгүй сайн шаталт сайтай бөгөөд хамгийн гол нь утаа гаргадаггүйгээрээ онцлог ажээ.
Хүйтний улиралд Улаанбаатар хот төдийгүй орон нутагт монгол гэрт амьдарч байгаа айлд дулаалгын асуудал үргэлж тулгарч байдаг. Тэгвэл Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэн монгол гэрийн дулааны алдагдлын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
Мөн монгол эсгий гэрийг америк стандартаар модон гэр болгон өөрчилсөн тухай танилцууллаа. Монгол гэрийн дулаанаа алддаг гол хэсэг бол шал юм. Иймээс шалнаас халаалт өгч, нарны эрчим хүчийг давхар ашиглаж бага цахилгаан зарцуулалтаар монгол гэрийг дулаанаа хадгалах чадвартай болгож “Энерги-эко Монгол гэр” төсөл амжилттай хэрэгжиж байгаа талаар энэ үеэр Шинжлэх Ухаан Академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа хэллээ.
Мөн алсын зайн удирдлага бүхий эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системийн талаар УИХ-ын гишүүн А.Бакейд танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.